Цогцолбор хоёрдугаар сургуулийн нэгдүгээр ангийнхан эрдмийн баяраа тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-05-09 16:33:19
Увс /МОНЦАМЭ/. Энэ хичээлийн жилд Улаангом сумын Цогцолбор хоёрдугаар сургуулийн нэгдүгээр ангид 172 хүүхэд элсэн суралцаж байна. Эдгээр хүүхдүүд өнөөдөр энэ хичээлийн жилд сурсан зүйлсээ тайлагнан, эрдмийн баяраа тэмдэглэлээ.
Энэ хичээлийн жилд Цогцолбор хоёрдугаар сургуулиас бага боловсролын чанар хүртээмж, сурагчдын сурлагын түвшинг өмнөх жилээс ахиулах зорилгоор бага ангийн багш нарынхаа дунд зургаан үе шаттай болзолт уралдаан зарласны үр дүнд нэгдүгээр ангийн нийт сурагчдын алдаагүй бичих, ойлгох чадвар 76.4 хувь, унших дундаж 55.9 хувьтай гарчээ. Энэ нь бусад сургуулиудтай харьцуулбал дундаж оноо 6 хувиар ахисан үзүүлэлт бөгөөд сурагчдын сурлагын чанар, амжилтаараа аймгийн хэмжээнд дэд аварга болсон байна.
“Нэгдүгээр ангийн хүүхдэд чанартай боловсролыг эзэмшүүлж, сурлагын суурийг хэрхэн тавихаас ирээдүйн сурлагын амжилтанд нөлөөлөх нь бий. Энэ ч утгаараа Цогцолбор хоёрдугаар сургууль энэ хичээлийн жилд бага ангийн багш нараа идэвхжүүлэх замаар сургалтын чанартаа ахиц гаргахын зэрэгцээ, нэгдүгээр ангийн сурагчиддаа хүртээмжтэй боловсролыг олгосон. Ингэснээр нийт сурагчдын 56.1 хувь нь 60-аас дээш уншиж сурсан нь өмнөх жилийн аймгийн хэмжээний амжилтаа 3 байраар ахиулсан” хэмээн тус сургуулийн нэгдүгээр ангийн багш М.Жаргал хэллээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ