Миний мэдэх орь ганц Канад

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2018-05-08 19:08:09
Элис Мүнро. Энэ нэрийг мэдэхгүй Канад бүү хэл уран зохиолд шимтдэг уншигч ч үгүй болов уу. Орчин цагийн өгүүллэгийн гарамгай мастер хэмээн нэрлэгддэг түүний “Үлгэрч”-ийг уншаад л миний оюун бодолд Мүнро гэх үзэсгэлэнт эмэгтэй өөрийн тарьж ургуулсан баатруудын дүрээр шургасан юм.

Тэрээр 1931 онд Канад улсын, миний огтоос сонсч байгаагүй Онтарио хэмээх жижигхэн хотод төрсөн байдаг. Харин одоо Мүнрог ч тэр, Онтариог ч тэр дэлхийн сая сая хүн мэддэг болсон. Газрын зураг дээр бол Канадын өмнөд хэсэгт орших эл хот яг л дээш цоройн үсэрч буй халим шиг дүртэй. Мичиган нуур энэхүү том халимны сүүл хэсгээр байрладаг. Гэтэл Мүнро анх Андерсоны “Бяцхан лусын дагина” үлгэрийг сонссон үеэсээ уран зохиолын далай өөд эх хотынхоо халимны дүрээр үсрээд орчихжээ. Аливаа бүхэн үүсэх шалтгаан, учир холбогдлыг ажиглаад үзэхэд л орь ганц оршихуй гэж үгүй мэт санагдана.

Мүнро дан ганц өгүүллэгээр дагнан бичиж байсан ч томоохон хүүрнэлд хэчнээн онцгой байж чадахын нотолгоо болгон 1998 онд “Сайн бүсгүйн хайр” нэртэй туужыг хэвлүүлж гаргасан байдаг. Тус туурвилын ихэнх үйл явдал Баруун өмнөд Онтариод өрнөдөг гэж судлаачид үзсэн нь бий.

“Сайн бүсгүйн хайр” туужид өрнөх үйл явдал чимээгүй, хачин нам гүм бөгөөд хэн ч алган дээрээ тавиад үзчихмээр боломжийг зохиолч олгоогүй юм. Өөрийн дотоод ертөнцийг бусдын алган дээр шууд тавьж орхисон Мишима шиг бичлэгийн хэлбэрээс Мүнро шууд татгалзсан байдгийг түүний олон арван өгүүллэг, дээрх тууж нь бүрнээ илтгэнэ.

Туужийн “Ютланд”, “Зүрхний дутагдал”, “Алдаа”, “Худал” гэх дөрвөн бүлгийг зааглан хуваасан ч нэг нэг аятайхан өгүүллэг болчихмоор. Энэ нь Мүнрогийн эрс шулуухан, энгийн үнэнийг уншигчдад чимэггүйгээр хүргэдэг хэмээн тодорхойлж болохуйц бичлэгийн онцлогтой холбоотой. Уншигчийг цаг мөч бүр алмайруулж, үнэнээс тун хол байж санагдах бодит үнэнтэй шууд тулгаж дөнгөсөн нь уг туужийн гол онцлог. Цаг хугацаа хэрхэн өөрчлөгдөж, ямар нэг сайхан зүйл ирнэ гэдэгт огтхон ч итгэхгүйгээр оршин буй өдрүүдийнхээ агаараар чимээгүйхэн амьсгалж суух дүрүүд нь үхэл хүрээд ирвэл өөрийгөө бэлэглэчихэж чадахаар зоримог ажээ.



Зохиолын гол дүр болох сувилагч бүсгүй Энид өөрийнхөө үхлээр ч буюу дурласан залуугийнхаа гэм нүглийг цайруулахын төлөө оюун санаандаа зохиож буй аллагын өчүүхэн хэсэг туужид томоохон байр суурь эзэлнэ. Мэдээж түүний төсөөлсөн гэмт хэрэг зохиол дотор үйлдэгдээгүй ба төгсгөлийн бүлэгт л энэ жаахан хэсгийн дүрслэл бууж үлдсэн юм. Гэвч ганц хуудас ч хүрэхгүй, зохиолын дүрийн толгойд ургасан биелээгүй төлөвлөгөө байгаагүй бол уг туужийг “Сайн бүсгүйн хайр” хэмээн нэрлэж ч чадахгүйсэн билээ.
Энид бол өөрийн ажил даа үнэнч, энэ ажлыг хийлгүйгээр оршихуйдаа санаа тавьж явдаг нэгэн бус. Түүнд ажил нь, асруулж буй өвчтөний ар гэрийнхэнтэй өнгөрүүлсэн мөчүүд нь жинхэнэ амьдарч чадсан цаг хугацаа болдог. Гэвч тэрээр бөөрний дутагдлаар хорвоог орхих гэж буй хатагтай Күйний нөхөр болох Рүпэрт гэх эрхэмд дурлаж орхисон байдаг талаар зохиолд өгүүлнэ. Гэвч хайр сэтгэлийн тухай сэтгэл уярч, нулимс дуслуулам түүх, өчүүхэн зүрхний том шаналанг илчлэх үг, өгүүлбэртэй энэ туужийг унших явцад огтоос тааралдахгүй.

Туужийн гол үйл явдал нь гуравдугаар бүлэгт өрнөх бөгөөд хатагтай Күйнийг үзэх гэж ирсэн Виллэнс хэмээх өтөл, тарган эмчийг хэрхсэн тухай гарна. Мэдээж түүнийг аль эрт нэгдүгээр бүлэгт үхсэн бөгөөд, ямаршуухан эр байсныг зохиолч дүрслээд хэлчихсэн байдаг. Виллэнс эмч Күйнийг үзэх үеэр түүнийг огт хөдөлгөөнгүй болгоод банзал доогуур нь гараа оруулан оролддог байжээ. Үзлэгийн төлбөрч цааш хэрхэн хувирдаг байсан нь энэхүү өгүүлэмжид хүч нэмнэ. Харин нэг удаа гаднаас орж ирсэн Рүперт уур хилэндээ шатан эмчийн дээрээс үсрэн буусан байдаг. Мэдээж ингээд Виллэнс нөгчиж Рүперт цогцсыг машинд нь суулган Ютландын цөөрөмд живүүлж орхижээ. Үүнийг тэд маш нарийн хийсэн учир Виллэнсийг амиа хорлосонд ихэнх хүмүүс итгэнэ. Харин Күйн үхэхийн өмнө өөрийн асрагч болох Энидэд бүгдийг ярьж өгсөн байв.

Ингээд л эцэст нь Энид дурласан залуу болох гэмт этгээд, хэрэгээ огтхон ч хүлээж хэн нэгэнд илчлээгүй Рүпертийг гэмээ илчилж, бүгдийг шинээр эхлээсэй гэж дотроо хүснэ. Нөгөөтэйгүүр хүмүүсийн үйлдсэн хорон нүглийг дотроосоо арилгаж, өөрийгөө чөлөөлөх гэсэн оролдлого ч түүнтэй хамт байлаа. Тэгээд л Күйнийг нас барж, оршуулах ёслол дууссан хойно Рүперт дээр очдог.

“Энидийн төлөвлөгөө бол голын дунд хүртэл түүгээр хүргүүлээд, дараа нь сэлж чаддаггүй гэж түүнд хэлэх байлаа. Үүнээсээ өмнө, түүнээс ус хэр гүнзгий гэж бодож байгааг нь асууна, тэр ийм их бороо орсон юм чинь гүн нь долоо, эсвэл бүр арван тохой байгаа биз гэж хэлэх болов уу. Харин дараа нь түүнд сэлж чаддаггүйгээ хэлнэ гэж бодов. Энэ нь үнэн билээ. <...> Рүпэрт түүнийг сэлүүрийнхээ нэгээр цохиж, ус руу унагаагаад живүүлэхэд л хангалттай. Дараа нь тэр завиа усан дээр үлдээн, эрэг рүү сэлж гараад хувцсаа сольж, өөрийгөө малын саравчнаас эсвэл гадуур алхаж байгаад гэртээ ирсэн чинь гадаа нь түүний машин зогсож байсан гэж хэлнэ”.

Хэрэв Рүперт үнэхээр ухаантайсан бол энэ төлөвлөгөө өөрөөр эргэж Энид түүнд бүгдийг залруулахад алхам алхмаар туслах байжээ. Гэвч тоглоом хэдийн эхэлж Энид гол руу явахыг хүсч, зураг авах гэж буйгаа ч хэлчихсэн. Яг л энэ үедээ Энид нэг зүйлийг бодно.

“Хүн ямар нэг зүйлийг цэвэр хорон санаагаар нэг бүрчлэн зохиож чадах уу? Хариулт нь бол тийм”.

Энидийн хайр сэтгэл, Рүпертийг буруугүй хэмээн бодох шалтгаан эндээс үүсэлтэй. Мэдээж үхлээ хүлээж хэвтсэн нэгэнд оршихуй ердөө тоос төдийхөн санагдаж болно. Хором мөч бүрт хүмүүсийн сэтгэл зүй хэдэнтээ өөрчлөгдсөн ч мөн чанар нь түүнийг дагаад хувьсчихдаггүй гэдгийг Энидийн дүр уншигчдад харуулж байна. Роберт Хаасын нэгэн шүлэгт эмэгтэйчүүдтэй унтаж байхдаа бага нас, гүйж өссөн бургаст эргээ санадаг шиг Энид ч мөнхүү аюултай алхмынхаа эхэнд бага насны “худал” явдлыг эргэн дурсдаг. Мэдээж Күйний хэлсэн үнэн бол Рүперт түүнийг ч бас хорооно гэдгийг Энид мэдэж буй.



Харин нөгөө талаас өдөр бүр л асар хурдацтайгаар өөрчлөгдөн буй дэлхий ертөнц хүмүүнийг ч бас хувиргаж дөнгөжээ. Энид зохиолын төгсгөлд Рүпертийг хараанаасаа алдчихаад чичрэн зогсохдоо ч үүнийг ойлгоогүй байх. Анхнаас нь босгосон дүрээ өчүүхэн алдаанаас болоод нураачихаж болохгүйг зохиолч өөрөө мэдэж байсан хэрэг. Тиймдээ ч учир нь тайлагдах тэр л цэг дээр туужийг төгсгөж орхисон байна. Гол нь нэг зүйлийг анзаарах юм бол “Хэрэв тэр хичээх юм бол бутан дунд Рүперт хөдлөхийг сонсож болохоор байлаа” гэсэн өгүүлбэртэй таарна. Рүперт гэр бүлээ тэжээхийн төлөө хөдөлмөрлөж буй жирийн л эрэгтэй болж туужид дүрслэгдсэн. Мэдээж Энид түүнийг сэлүүрээ л хайж явна гэдгийг сонссон бол, зохиол дахин аймшигт нам гүмийн тухай зураглалаар төгсөөгүй бол Рүпертийг буруутгалгүйгээр хатагтай Күйний худал яриаг уншигч өөртөө баталж чадах байсан биз ээ.

Зохиомол ахуйг маш үнэмшилтэйгээр дүрсэлж, огтхон ч догдолж, сэтгэл доторх айдсаа хүнд үзүүлэхгүйг хичээсэн дүрүүдтэй алхам бүрт уншигчийг уулзуулж байгаа нь Мүнрогийн туужаас л уншиж болох бичвэрийн сүлэлдээн хийгээд Канад хүмүүсийг багахан ч атугай ойлгож, мэдрэхэд туслах учиртай болов уу. Мэдээж хэн нэгнийг алдаж нулимс хөвүүлэн суусан шөнүүдээс илүүтэй хэн нэгэнтэй танилцаж гар барьсан мөчүүд олон байдаг. Түүн шигээр би хэзээ нэгэн цагт зохиогчийн мэндэлсэн улс оронд очиж Канад найзуудтай болохыг ч үгүйсгэхгүй. Эгц дээр нь Энидийн сэтгэл шиг цэвэр тунгалаг хөх тэнгэр гэрэлтсэн Улаанбаатарынхаа нэгээхэн өнцөгт ч уулзаж мэднэ. Харин одоохондоо бол Элис Мүнро миний мэдэх орь ганц Канад эмэгтэй билээ.
 
Тоймч Б.Алтанхуяг

Холбоотой мэдээ