Хууль зүйн байнгын хороо хууль зөрчсөн гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-05-08 15:52:49
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс ирүүлсэн АТГ-ын удирдлагыг томилох саналыг хэлэлцэхийг дэмжээгүй.

Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газраас www.president.mn цахим хуудсаар дамжуулан албан ёсны байр сууриа илэрхийлсэн байна. Ерөнхийлөгчийн Тамгын газраас Хууль зүйн байнгын хороог УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг зөрчсөн хэмээн үзэж байгаа аж.

АТГ-ын удирдлагыг солих Ерөнхийлөгчийн саналыг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45.1 болон 45.2-т заасны дагуу хэлэлцэж,  дэмжих эсвэл дэмжихгүй шийдвэрийн аль нэгийг гаргах ёстой. Гэвч байнгын хороо уг хуулийг зөрчин “хэлэлцэхгүй” хэмээн шийдсэн байна.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45.1.Хууль тогтоомжоор эрх олгогдсон албан тушаалтан Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын удирдах албан тушаалтныг томилох, чөлөөлөх санал гаргасан бол холбогдох Байнгын хороо 7 хоногийн дотор хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45.2.Нэгдсэн хуралдаан эрх бүхий албан тушаалтны санал, холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож ил санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи томилох, чөлөөлөх саналыг дэмжсэн бол энэ тухай тогтоол батлагдсанд тооцно.
Холбоотой мэдээ