Ховдын иргэд жижиг дунд үйлдвэр хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-05-06 09:55:10
Ховд/МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ховд аймагт хүрэлцэн ирэхэд Цэргийн хүрээний хүндэт харуул жагсаж, тус аймгийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл төв талбайдаа угтан авлаа. Тэрээр Ховд аймгийн ЗДТГ-ын ёслол хүндэтгэлийн өргөөнд түр саатаж, тус аймгийн удирдлагууд нийгэм эдийн засгийн байдал, цаг үеийн ажлаа танилцуулсны дараа Хөгжимт драмын театрт  иргэдтэй уулзалт хийлээ.
Уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Баруун хязгаарын Ховд аймгийн хөдөлмөрчин иргэд та бүхэнд энэ оройн мэндийг хүргэе. Улаанбаатар хотын болоод аймгуудын иргэдтэй хийсэн уулзалтын талаар та бүхэн тухай бүрт нь мэдээлэл авч байгаа байх. Иргэдийн дэвшүүлсэн зарим асуудал эхнээсээ шийдэгдэж байгаа. Өнөөдрийн уулзалт бусад аймгуудын уулзалт шиг үр дүнтэй болох байх гэж бодож байна” гэв.

Ховд аймгийн иргэд тус уулзалт дээр Монгол Улсын төрийн тэргүүнүүдийг ирэх бүрт дайж явуулдаг залуучуудад ажлын байргүй, ашигт малтмал лиценз нэртэй газрын наймаа, баялаг ухаж, байгаль сүйтгэж байгааг, монголын баялаг түүхийгээр гадагш урсдаг, ахмадууд тэтгэвэр нэмэгдүүлэх, зээлийн хүүг тэглэх, хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгох, аймгийн ИТХ, Засаг дарга нь хоорондоо таарахгүй төрийн ажил унаж байгаа  зэрэг нийгэмд тулгамдсан олон асуудлыг хөндөж Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжиллаа.
Түүнчлэн төр дээрээ тогтвортой байж, авилгач, офшорчидтой шударга тэмцэж, ганцаардаж байгаа бол ард түмнийхээ хүчийг авч, офшорчдын гадаадын банкинд байршуулсан мөнгийг эх орондоо оруулж ирж, ажилгүй зовж зүдэрсэн ард түмэндээ хувааж өгөөч гэж зарим хүмүүс хэлж байв. 
Мөн Ховд аймаг Улаанбаатараас дутахгүй утаа ихтэй байгаад санаа зовж явдаг ч байгалийн утаа арилах байх, харин төрийн толгойд байгаа түшээдийн  төрийн бодлогыг бохирдуулж байгаа утааг арилгах хэцүү байна гэсэн санал хэлсэн юм. Уулзалт дээр үг хэлсэн хүмүүс ихэнх нь хувийн чанартай санал хэлсэн боловч зарим аймаг орон нутгийн хөгжил, нэн тулгамдсан асуудалтай холбоотой асуудлыг ярьж байлаа.
Хязгаар нутагт бизнес эрхлэхэд залуу хүнд ямар бэрхшээл тулгардаг талаар ноос ноолуур угаах үйлдвэрийн захирал Г.Билгүүн ”Би Ховд аймгийн залуу үеийн төлөөлөл байна. Ноос, ноолуурын чиглэлээр жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг юм. Надтай адил энэ чиглэлээр ноос, ноолуурын үйлдвэрлэл эрхэлдэг олон залуу Ховдод бий. Бид ноосны падаан гэгчийг болиулахыг санал нэгтэйгээр дэмжиж байгаа гэдгээ юун түрүүн хэлж, үүнийг ажил хэрэг болгоорой. Монгол орон хэрэглэгч орон болоод байна. Ноолуур хөтөлбөр хэрэгжүүлж гадаадаас авдаг хувцасны хэрэглээг дотооддоо хангаж Ховдын брэнд болгоход жижиг дунд үйлдвэр хөгжүүлэхэд анхаарч өгөх”-ийг хүссэн юм.

Ховд  аймагт мөнгөгүй, танилгүй л бол боловсон ажил олддоггүй талаар Жаргалант сумын Бугат багийн иргэн н.Наранбаатар ”Би гэхэд сүүлийн 10 жил барилгын ажил хийж байна Өнөөдөр ажил хөдөлмөр эрхэлье гэсэн ч насаар нь ялгаварлан гадуурхаж байна. 40 нас хүрсэн намайг хөгшин гэж байна. Дайн болоод цэрэгт явлаа гэхэд 40 настай намайг хөгшин гээд үлдээхгүй биз дээ. Надад ганцхан л зүйл хэрэгтэй байгаа нь өвөл, зунгүй хийж болох ажил. Ажлын байрыг нэмэгдүүлж өгөөч" гэж хүслээ.
Мөн Цамбагарав багийн иргэн н.Галбадрах “Жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх тухай 2008 онд батлагдсан хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Ховд аймагт зөөлөн оёдлын үйлдвэрийн чиглэлээр 150-иад оёдолчин байдаг. Албан байгууллага, сурагчдын хувцасны захиалгыг том компаниуд тендэрийг нь авчихаад Эрээн хотод маш хямд зардлаар хийлгэдэг, эх орны үйлдвэрийг дэмжиж хилээр үүнийг оруулахгүй байх журам заалт оруулах хэрэгтэй. Засгийн газраас олгож байгаа Орон нутгийн хөгжлийн сан, хөдөлмөр эрхлэлтийн төслийн хэмжээг хүү бага, хугацаа урт болгомоор байна. Бид 2-3 сая төгрөгөөр юу ч хийхгүй, хот явж материал авах зардалдаа л дөнгөж хүрэлцдэг. Үүнийг анхаарч дэмжээрэй гэж хүсэв.
Монгол хүн монголдоо өндөр цалинтай амар тайван амьдрах чин хүсэлтэй байгаа олон мянган иргэдийг төлөөлж Ерөнхийлөгчтэй хийх уулзалтыг зорьж 2500 км замыг туулж ирсэн Дундговь аймгийн иргэн Б.Мөнгөнтуул “Сүүлийн зургаан жил Ховд аймагт зам, барилгын компанид ажиллаж байна. Би замын компанид ажиллаад сардаа 300,0 мянган төгрөг авдаг байсан. Гэтэл манай компанийн хятад ажилчид, жолооч л гэхэд сардаа 6-8 орчим сая төгрөг авдаг. Яагаад бидний цалин ийм ялгаатай, монголоор дүүрэн хятад ажиллах хүчин байгаа юм бэ. Өнөөдөр монгол залуус Солонгос улс руу явж байхад зөрөөд Хятадаас олон мянган хүн ажил хийхээр Монголд ирж байна. Энэ зохисгүй хөдөлмөрийн харилцааг өөрчилж, Монгол залуучуудыг эх оронд нь ажлын байраар хангаж, Солонгос улс руу явуулмааргүй байна” гэсэн юм.
Төрийн тэргүүнүүдийг Ховд аймагт хүрэлцэн ирж иргэдтэй уулзахад сэтгүүлч миний мэдэх сүүлийн 20 жил яригдаж байгаа Цементийн үйлдвэртэй болох мөрөөдлийг Жаргалант сумын Бичигт багийн иргэн Жаргал хэллээ.Тэрээр Ховдод цементийн үйлдвэр хэрэгтэй байна. Цементийн үйлдвэр, Усан цахилгаан станц, малын гаралтай түүхийн эдийн үйлдвэр, Ховд аймгийн утаа гэсэн дөрвөн асуудалд онцгой анхаармаар байгаа юм. Өмнө нь манай аймагт цементийн үйлдвэр байсан. Үйлдвэрээс гарсан сайн чанарын цемент нь л гэхэд өнөөдрийг хүртэл хагараагүй байгаа. Маш чанартай цемент үйлдвэрлэх байгалийн нөөцтэй, үйлдвэртэй болчихвол хэрэгцээ их байна гэв.
Ховд аймагт төр тогтворгүй, эв нэгдэлгүй байгаа талаар Буянт сумын малчин Я.Буянтөр ”Манай аймагт хоёр хурлын дарга байна. Үүнээсээ болоод л маргаан болдог. Дээшээгээ УИХ хүртэл төрийн талцсан хэрүүл маргаан олон болж шийдэгдэхгүй байна. Энэ их хэл ам, хэрүүл тэмцэл, өнгө мөнгөний асуудалд нэр холбогдоод байгаа хүмүүсээс салмаар байна. Харин иргэдээ ажил хийлгэдэг, ажлын байртай болгомоор байна. Монголчууд залхуу, ядуу байхаасаа ичдэг байсан бол одоо үүгээрээ бахархдаг юм шиг л болчихож. Би таныг илүү их бүтээгч хүн гэж хардаг. Тиймээс ажлын байр бүтээж, иргэдээ ажилтай орлоготой болгохыг хүслээ.
Дарви сумын иргэн Банзрагч “Төрийн нэр хүнд маш муу байна. Төр уг нь иргэндээ үйлчилдэг байх ёстой. Төрийн албаны ажилчдын ёс зүй зэргийг дээшлүүлэх тал дээр анхаармаар байна. Хоёрдугаарт, оффшор авлига гээд л яриад байна. Хууль, шүүхийн байгууллагын нөлөөнд автдаг байдлыг зогсоож, явцыг нь түргэсгэхгүй бол үр дүн гарахгүй  Би 67 наслахдаа хэд, хэдэн удаа хуулийн байгууллагад хандаж байсан. Ер нь ард түмний талд шийдвэр гаргахдаа хойрго, шүүгчид бусдын нөлөөнд автахгүй байхад анхаарч өгөөрэй гэв.

Магсаржав багийн иргэн Ж.Соёлмаа “Манай аймагт хөрөнгө оруулалт хийгдэж байгаа ч яг зориулалт, оновчтой газраа хэрэгжихгүй байна. 1986 онд онд ашиглалтад орсон бохир, цэвэр усны шугам сүлжээ солих шаардлагатай, цэвэрлэх байгууламж шинээр барьж байгуулахад хөрөнгө оруулалт хэрэгцээтэй байна. Мөн барилгын компаниуд өрийн сүлжээнд орсон ипотекийн 8 хувийн хүүтэй зээл хэрэгжүүлж байгаа ч тус зээл олгогдохгүй, барилгын компаниас иргэд гуйж 10 хувиа төлчихөөд 8 хувийн зээл авч чадахгүй байна.
Жаргалан багийн иргэн н.Баасандаш “Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд хандаж хэлэхэд эрүүл хүнс хэрэглэж байна уу гэдэг нь эргэлзээтэй. Хүнсний ногоо, шинэ ургацын ногоо  эрүүл хүнс гэдгийг аймгийн Мэргэжлийн хяналтын газар шалгаж тогтоож чадахгүй байна, явуулын лаборатори ажиллуулах  хэрэгтэй гэсэн юм.
Уулзалт дээр нийт 30 гаруй иргэн үг хэлж үзэл бодлоо илэрхийлсэн бол зарим нь бичгээр асуулт асууж Ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтнууд асуудал бүртэй танилцаж, бодлогын асуудалд тусгаж, шаардлагатай бол хариултыг албан ёсоор тухайн иргэнд ирүүлнэ гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай хийсэн уулзалт дээр иргэдийн тавьсан зарим  асуудалд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог холбогдох хариулт өгсөн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, хот хөдөөгүй шударга ёсыг ярьж, хүсэж байна. Ерөнхийлөгч ард түмний дуу хоолой болж, эвлэлдэн нэгдэж, сонгуулийн өмнө ярьсан ард түмнээ сонсож байна. Та бүхэнтэй хийсэн уулзалтаа үр дүнтэй болгохын тулд УИХ дээр иргэдээс гарсан саналуудыг хамт тавья, сайн мэдээнээс илүү бухимдал их байна гэснээр уулзалт өндөрлөсөн юм.
 
А.Бямбасүрэн
 
  
 
 

Холбоотой мэдээ