Дөрвөлж компани Төрийн банкны барьцаанд байсан өмчөө бүрэн чөлөөлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-05-01 16:29:46
Сүхбаатар /МОНЦАМЭ/.Сүхбаатар аймгийн ус дулааныг хариуцдаг Дөрвөлж орон нутгийн өмчит үйлдвэрийн газар /ОНӨҮГ/ өнгөрсөн жилүүдэд алдагдалтай ажиллаж 3,5 тэрбум төгрөгийн өр үүсээд байсан. Тэгвэл 2018 оны эхний улиралын байдлаар нийт өрийн 1,2  тэрбумыг барагдуулж чаджээ. Үүнээс Төрийн банкны 800 сая төгрөгийн өрийг бүрэн барагдуулж, барьцаанд байсан компанийн өмчийг бүрэн чөлөөлсөн байна.

Энэ талаар компанийн захирал О.Дүүрэнбилэг хэлэхдээ “2017 оны нэгдүгээр сард ажил хүлээж авсан. Үүнээс хойш нэг жилийн хугацаанд санхүү эдийн засгийн чадамжийг дээшлүүлэх тал дээр анхаарч ажиллалаа. Анх ажил авахад 3,5 тэрбум төгрөгийн богино хугацааны, 4,4 тэрбум төгрөгийн урт хугацааны өртэй байсан. Богино хугацаат 3,5 тэрбумын өр болоод Төрийн банкны 800 саяын өр, хүү ажилд маань их дарамт болж байсан. Бид хэмнэлтийн горимд шилжиж, хичээсний дүнд 3,5 тэрбумын тодорхой хувийг барагдуулж, Төрийн банкнаас өөрийн өмчөө 100 хувь салгаж аваад байна. Энэ бол их том ажил гэж бид дүгнэж байгаа. Мөн ажилчдын цалин хөлсний өрийг тэглэсэн. Нийгмийн даатгалын шимтгэлийн 400 сая төгрөгийн өрний 200 гаруй саяыг барагдуулаад байна. Одоо татварын болон нүүрсний компанийн гэрээний, бусад өр гээд хоёр тэрбум гаруй төгрөгийн өр үлдээд байна. Цаашид алдагдалгүй ажиллаж чадвал 2-3 жилийн хугацаанд үлдсэн өрийг барагдуулах боломжтой гэж үзэж байгаа” гэлээ.
Т.Одончимэг
Холбоотой мэдээ