Тайван жагсаалд соёлын салбарынхан идэвхтэй оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-05-01 15:33:17
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос улс орон даяар зохион байгуулж буй уг тайван жагсаалд Сүхбаатар аймгийн боловсрол, эрүүл мэнд, уул уурхай, нийгмийн хамгааллын салбарынхан яалангуяа соёлын салбарынхан идэвхтэй оролцлоо. 

Соёлын салбарынхны дундаж цалин 400-450 мянган төгрөг байдаг. Ажилласан жилийн урамшуулал, илүү цаг, ур чадварын нэмэгдэл гэж авдаггүй. Боловсрол, эрүүл мэндийн салбарынхан таван жил тутамд нэг удаа мөнгөн тэтгэлэг авдаг бол соёлынхон таван жилийн нэмэгдэл гэж 2500 төгрөг цалин дээр нь нэмэгддэг. Тэгвэл тэд энэ байдлыг эсэргүүцэж, улс орон даяар өрнөж буй тайван жагсаалд нэгдэн өөрсдийн дуу хоолой, үзэл бодлоо илэрхийлсэн байна.  Сүхбаатар аймгийн "Жаахан шарга" театрын драм ангийн багш Б.Сандагсүрэн салбартаа 13 дахь жилдээ ажиллаж байгаа. Үндсэн цалин 535 мянга. Үүнээс шимтгэлээ төлөөд гар дээрээ 400 гаруй мянган төгрөг авдаг. Ажлын ачаалал маш их байдаг ч авдаг хэд нь цөөхөн. Энэ нь амьдралд хүрэлцдэггүй гэдгийг тэрээр  хэлсэн юм. Тиймээс соёлын салбарынхны цалинг бусад салбарынхантай адил түвшинд хүргэх, илүү цаг, ур чадварын нэмэгдэл олгодог болгохыг тэд шаардаж, жагсаалд оролцжээ.

“Жагсаалын гол зорилго бол нэн тэргүүн улсын гурван талт хэлэлцээрийг эхлүүлэх, үндсэн цалин нэмэгдүүлэхийг шаардаж байгаа. Манай холбоо 3000 гаруй гишүүнтэй. Боловсрол, эрүүл мэнд, уул уурхай гээд бүхий л салбарт хороодтой. Эдгээр хороодын төлөөлөл 100 гаруй хүн өнөөдрийн жагсаалд оролцлоо. Бид тайлангаа МҮЭХ-д хүргүүлээд улмаар нэгдсэн байдлаар хугацаатай албан шаардлагыг Монгол Улсын Засгийн газарт хүргүүлж, зохих хариуг авах болно” гэж аймгийн ҮЭХ-ны дарга О.Батзаяа хэллээ.

Харин "Цайрт минераль" ХХК-ийн ҮЭХ-ны дарга Н.Сэргэлэнбаатар хэлэхдээ “Манай компани улсын топ компаниудын нэг. Гэвч ажилчид руугаа чиглэсэн ажил үйлчилгээг хангалттай хийхгүй байна. Бид компанийн захиргаатайгаа хоёр жил тутамд нэг удаа гэрээ байгуулдаг. Үүний дагуу компани бидэнд санхүүгийн тайлангаа танилцуулах ёстой боловч нэг ч удаа тодорхой танилцуулж байгаагүй. Дэлхийн зах зээл дээр цайрын үнэ нэмэгдсээр байна. Үүнийгээ дагаад компанийн ашиг орлого, улс орондоо төлөх татварын хэмжээ нэмэгдэж байгаа. Гэтэл ажилчдын цалин хөлс, байр байдал хэвээрээ л байна. Бид цалингаа уул уурхайн салбарын улсын жишиг цалинд хүргэхийг шаардаж байгаа. Улсын дундаж 2-2,5 сая байдаг бол манай дундаж цалин 850 мянга. Гэхдээ үүнийг шууд улсын жишигт хүргэ гэж шаардахгүй. Жилээс жилд шат дараатайгаар цалин хөлсийг маань нэмэгдүүлээсэй гэж хүсч байна.” гэв.
Т.Одончимэг
Холбоотой мэдээ