Иран улс цөмийн хэлэлцээрийн асуудлаар хэлэлцээ хийх саналаас татгалзав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-04-30 10:29:12
ТЕГЕРАН. /Ройтерс/. АНУ болон Франц тэргүүтэй дэлхийн томоохон зургаан улстай 2015 онд байгуулсан цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээртэй холбоотойгоор шинээр ямар нэгэн хэлэлцээ хийхээс татгалзаж байгаагаа Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани илэрхийлсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээлэв.

Францын Ерөнхийлөгч  Эммануэль Макрон өнгөрсөн долоо хоногт АНУ-д төрийн айлчлал хийн Ерөнхийлөгч Дональд Трамптай дээд хэмжээний хэлэлцээ хийх үеэрээ Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрийг шинэчлэн байгуулах санал дэвшүүлсэн билээ. Үүнтэй холбогдуулан Х.Роухани өчигдөр Э.Макронтай утсаар ярих үеэрээ хэлэлцээрийг шинэчлэн байгуулах асуудлаар хэлэлцээ хийхээс татгалзаж буйгаа мэдэгдсэн байна.

Энэ хэлэлцээрээс АНУ-ыг гаргахгүйн тулд хэлэлцээрийг шинэчлэн байгуулахыг Э.Макрон санал болгосон билээ. Барак Обамагийн засаг захиргааны үед байгуулсан хэлэлцээрийг "муу хэлэлцээр" болсон гэж  Д.Трамп шүүмжилж, уг хэлэлцээрээс АНУ-ыг гаргана гэж нэг бус удаа мэдэгдээд байгаа юм.

Х.Роухани хэлэхдээ “Иран улс энэ хэлэлцээрийн асуудлаар хэлэлцээ хийх ямар ч саналыг хүлээн авахгүй” гэжээ.
 
Ираны эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг цуцлахаар болсны хариуд тус улс цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах тухай хэлэлцээрийг 2015 онд зургаан улстай байгуулсан билээ.
 
Г.Доржханд

Холбоотой мэдээ