Завханы Тэс суманд алба хааж буй цэрэг дайчдаа эргэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-04-27 15:51:20
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга бөгөөд Хил хамгаалахад туслах хүчний зөвлөлийн дарга Д.Батсайхан, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Т.Тогтохбаяр нар “Ойрад” ХЖТ-ын хэсэг уран бүтээлчдийн хамтаар Завхан аймгийн Тэс сумын хилийн 0277-р ангид Увс аймгаас татагдан хугацаат цэргийн алба хааж байгаа цэргүүдээ эргээд ирлээ.
Тус анги нь хилийн 5 заставтай бөгөөд аймгийн Засаг дарга бүх заставт байгаа цэргүүдээ эргэж гарын бэлэг гардуулан, гэр бүлээс нь явуулсан илгээмжийг хүргэж өгсөн байна. Мөн урлагийн тоглолт сонирхуулж, харилцан яриа өрнүүлэн дурсгалын зураг татуулжээ. Энэ үеэр тус цэргийн ангийн ахлагч, офицерууд Увс аймгаас татагдан алба хаасан болон алба хааж буй цэргүүд тэсвэр тэвчээртэй, дасан зохицох чадвар сайтай, зуны аагим халуун, өвлийн тэсгим хүйтнийг үл ажран цэргийн албаа нэр төртэй хааж ирснийг онцлон хэлсэн байна.
Завхан аймгийн Тэс сумын 0277-р анги 1996 оноос хойш 22 дахь жилдээ зөвхөн Увс аймгаас цэрэг татаж байгаа ба энэ хугацаанд тус аймгаас цэргийн алба хаасан нийт залуусын 20 шахам хувь нь энэ ангид алба хаасан гэдгийг 0277-р ангийн захирагч, хурандаа Г.Баярхүү хэлжээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ