Хэнтий аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтэс шинэ байртай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-04-24 12:30:42
Хэнтий /МОНЦАМЭ/ Монгол Улсын хэмжээнд анх удаа Хэнтий  аймаг Стандарт хэмжилзүйн хэлтсийн шинэ барилгатай болохоор шав тавилаа. Тус барилгын ажлын гүйцэтгэгчээр “Цагаан зуун” ХХК сонгогдсон бөгөөд барилгыг энэ оны дөрөвдүгээр сарын нэгнээс барьж эхлэн  ирэх долдугаар сарын 29-ний өдөр ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.  

Тус хэлтсийн одоо ашиглаж буй байр нь анх 1958 онд эмнэлгийн зориулалтаар баригдсан барилга бөгөөд 60 жил болсон уг барилгын ашиглалтын хугацаа нь дуусч актлагдсан байр юм. УИХ-ын гишүүн Д.Гантулга хэлтсийн шинэ барилгын төсвийг улсын төсөвт суулгахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна. 
    
Улсын төсвийн 739 сая төгрөгийн хөрөнгөөр баригдах энэхүү барилга нь зоорьтойгоо гурван давхар ба 328М2 талбайтай. Зохион байгуулалтын хувьд хурлын заал, хэмжилзүйн болон цахилгааны зэрэг шаардлагатай бүх төрлийн лабораториуд бүхий цогц барилга баригдах юм. 

Мөн тус хэлтэс нь ирэх долдугаар сарын нэгнээс хуулиараа Стандарт хэмжилзүйн газар болон өргөжих ажээ.   
Д.Одонтунгалаг
 

Холбоотой мэдээ