Арменийн ерөнхий сайд огцрохоо мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-04-23 21:53:56
ЕРЕВАН. /РИА Новости/. Арменийн Ерөнхий сайд Серж Саргсян огцрохоо мэдэгдсэн тухай түүний хэвлэлийн алба мэдээлжээ.

С.Саргсян хэлэхдээ "Төрийн тэргүүний хувиар би та бүхэнд сүүлийн удаа хандаж байна. Никол Пашиняны зөв байжээ. Миний буруу байж. Үүссэн нөхцөл байдалд хэд хэдэн шийдэл байгаа хэдий ч аль ч шийвэр нь надад тохирох шийдвэр биш байна. Би төрийн тэргүүний болон ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорч байна. Энэ албан тушаалыг хашихыг эсэргүүцэн “гудамжны” хөдөлгөөн өрнөж байна. Иймд би та бүхний шаардлагыг биелүүлж байна” гэжээ.

Ингэж хэлэхдээ тэрбээр бүх иргэн, С.Саргсяныг ерөнхий сайдаар сонгогдохыг эсэргүүцсэн хүмүүс, цэрэг офицерүүд болон нэг намынхандаа хандан хэлж байгаагаа мэдэгдсэн байна.

Арменийн Ерөнхийлөгч асан С.Саргсяныг тус улсын ерөнхий сайдаар сонгогдохыг эсэргүүцсэн ажиллагаа энэ сарын 13-с эхэлсэн юм. Сөрөг хүчнийхэн түүнийг улс орноо удирдах чадваргүй бөгөөд эдийн засгийн нөхцөл байдлыг дордуулж байна хэмээн буруутгасан юм.

Эсэргүүцлийн ажиллагаа өрнөсөн хэдий ч Арменийн парламент С.Саргсяныг ерөнхий сайдаар өнгөрсөн мягмар гарагт сонгосон билээ. Арменийн шинэ үндсэн хуульд зааснаар ерөнхий сайд улс орны хамгийн өргөн бүрэн эрх мэдэлтэй хүн байх бөгөөд тэрбээр төрийн удирдлага болон гүйцэтгэх засаглалыг тэргүүлэх юм.
 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ