1582 иргэнд татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг буцаан олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-04-19 17:32:46
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн хэмжээнд 1582 иргэнд татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг буцаан олгохоор тус аймгийн татварын хэлсийн даргын тушаал батлагдаж, Санхүү төрийн сангийн хэлтэст шилжүүлжээ.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16.1.12 дахь заалтын дагуу хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаагаа хувьдаа орон сууцны барилга барьсан, худалдан авсан 839 иргэнд 594446.9 мянган төгрөгийн, 24.6-д заасны дагуу албан татвар төлөгчийн төрсөн болон үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон  мэргэжлийн боловсролын сургууль, коллежид суралцаж байгаа хүүхдийн сургалтын төлбөрийг төлсөн 734 иргэнд 156911.6 мянган төгрөгийн, 24.7-д заасны дагуу суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийнхээ орлогоосоо албан татвар төлсөн есөн иргэнд 1352.9 мянган төгрөгийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг буцаан олгох аж.

Дашрамд дуулгахад үндэсний Татварын албаны хэмжээнд 2017 оны ажлын үр дүнгээр Хэнтий аймгийн татварын хэлтэс бүсдээ нэгдүгээр байр, нийт Татварын албаны хэмжээнд хоёрдугаар байранд шалгарсан амжилтаар өнгөрсөн оны ажлаа дүгнүүлжээ.

Татварын алба нь 2018 онд “Чадварлаг, хариуцлагатай албан хаагч, чанартай, хүртээмжтэй төрийн үйлчилгээ” зорилтыг дэвшүүлэн, Монгол Улсын Засгийн газрын сахилга хариуцлага, дэг журмыг дээшлүүлэх албан даалгаврыг мөрдлөг болгон ажиллаж байна.
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ