Газар өмчлүүлэх хуулийн хугацааг сунгахыг байнгын хороо дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-04-19 16:17:38
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр (Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ.
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, улмаар УИХ-д өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн үзэл баримтлалыг Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан танилцуулсан юм. 2002 оны 6 дугаар сарын 27-ны өдөр батлагдагдсан уг хуульд нийт 7 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд хуулийн хугацаа нь энэ оны тавдугаар сарын 1-нд дуусах байсан. Харин Засгийн газраас Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацааг 10 жилээр сунгах зорилгоор Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан өргөн барьсан юм. Учир нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлагын талаар 2017 онд хийсэн тандан судалгааны үнэлгээгээр Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх хугацааг сунгах шаардлагатай гэсэн дүгнэлт гарчээ. 

Хуулийн төслийн үзэл баримтлалын талаарх төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, А.Сүхбат нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан юм. Гишүүдийн асуултад хариулт өгсөн Засгийн газрын гишүүн Х.Баделхан хуульд зааснаар газар нь ашиглах, эзэмших, өмчлөх гэсэн гурван хэлбэртэй байгаа. Энэ удаад Монгол Улсын иргэнд тодорхой хэмжээний газрыг нэг удаа үнэ төлбөргүй өмчлүүлэх хуулийн хугацаа удахгүй дуусах гэж байгаа учраас иргэдээ өмчтэй болгох эрх зүйн орчныг бүрдүүлж, цаашид 10 жилээр сунгах зохицуулалт хийхээр төсөлд тусгасан. Нийслэлийн тухайд ИТХ-аараа баталсан төлөвлөлтөд орсон газруудад шинэ суурьшлын бүс бий болгох замаар иргэдэд газар өмчлүүлэх ажил хийгдэж байгаа, энэ дагуу явна гэдгийг хэллээ.

Мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү, "Бид өмнө нь туршлагагүй, бүртгэл тооцоо муутай байсан. Харин өнгөрсөн онд улсын хэмжээнд өмчилсөн, ашиглаж, эзэмшиж байгаа бүх газрын нэгдсэн бүртгэлийн сан бүрдүүлсэн. Энэ үндсэн дээр төлөвлөлт хийж, бүртгэлийг иргэдэд ил тод болгох зорилт тавьж байгаа. Мөн хаягжилтыг тодорхой болгож цэгцлэх ажлыг эхлүүлээд байгаа. Аж ахуйн нэгж байгууллага нь газраа ашиглаагүй хоёр жил өнгөрсөн бол төр буцааж авах эрх хуулиар нээлттэй" гэсэн хариулт өгсөн юм.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлсэн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хууль хэрэгжиж эхлэхтэй зэрэгцүүлээд соён гэгээрүүлэх ажилд анхаарч иргэдэд сайн сурталчилж ойлгуулах, газрын төлөвлөлт, бүртгэлийг боловсронгуй болгох, замбараагүй газар олголтыг цэгцлэх, салбар дундын ажлын уялдаа холбоо, хяналтыг сайжруулахад анхаарах, УИХ-ын гишүүн А.Сүхбат газар олголт, өмчлүүлэх, шинэ суурьшлын бүс бий болгох асуудлыг хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах, УИХ-ын гишүүн Б.Батзориг, Я.Содбаатар нар иргэддээ чиглэсэн, өмчтэй болох боломж олгосон энэ хуулийн төсөл чухал ач холбогдолтой учраас эхнээс нь сайн зохион байгуулж газар өмчлүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай, боломжтой бол хугацаа заахгүй байх нь зүйтэй юм гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ.

Ингээд санал хураалт явуулахад гишүүдийн 90.9 хувь нь уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. 
Н.Туяа
Холбоотой мэдээ