Хүчирхийлэлд өртөгсдөд зориулж "Нэг цэгийн үйлчилгээний төв" байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-04-10 14:21:30

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Баян-Өлгий аймагт хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх "Нэг цэгийн үйлчилгээний төв" байгуулахаар болжээ.

Уг ажилд НҮБ-ын Хүн амын сангаас дэмжлэг үзүүлэхээр болж, холбогдох хүмүүс саяхан тус аймагт ирж ажилласан байна. Уг байгууллагын зүгээс "Нэг цэгийн үйлчилгээний төв"-ийн доторх эд хогшил, тоног төхөөрөмж авахад шаардагдах санхүүжилтийг гаргахаа илэрхийлжээ. Харин төвийн барилгын асуудлыг шийдэх зорилгоор аймгийн ИТХ-аас 100 сая төгрөг төсөвлөөд байгаа юм.

"Нэг цэгийн үйлчилгээний төв" байгуулагдсанаар хүчирхийлэлд өртөгсдийг хамгаалах, эрүүл мэнд, халамжийн тусламж үзүүлэх, хууль болон сэтгэл зүйн талаас зөвлөгөө өгөх боломж бүрдэнэ гэдгийг аймгийн ЗДТГ-ын Хууль, эрхзүйн хэлтсийн дарга Ө.Хуралай мэдэгдээд байна.

Албаны хүмүүсийн өгсөн мэдээллээр дээрх ажлыг 2018 онд багтаан хийж дуусгах ажээ.

 
Ө.Нурболат


Холбоотой мэдээ