Цасан шуурганд төөрсөн есөн хүний гурвыг нь олоод байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-04-05 12:21:01
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн нийт нутгаар цасан шуургатай байгаатай холбоотойгоор Онцгой байдлын газар /ОБГ/-т  12 цагийн байдлаар төөрсөн,цасанд суусан, сураггүй алга болсон гэх17 дуудлага ирээд байна. Үүнээс ес нь хүн алга болсон гэх дуудлага байгаа бөгөөд эрэн хайх, аврах бүлгийнхэн одоогоор сураггүй болсон гурван хүнийг олж, бусад хүмүүсийг үргэлжлүүлэн хайж байгаа гэнэ.

Дээрх дуудлагуудын дагуу Уулбаян, Халзан, Сүхбаатар сумдаас тус бүр нэг нэг аврах бүлэг, аймгийн ОБГ-аас гурван эрэн хайх, аврах бүлэг ажиллаж байна.

“Алга болсон гэх хүмүүсийн тухайд малдаа болон өвөлжөө рүүгээ явах замдаа төөрсөн. Эрэн хайх аврах бүлгийнхэн шуурхай ажилласаны дүнд гурван иргэнийг олсон. Үлдсэн зургаан хүн бүгд машинтай явж байгаа. Тэгэхээр эрсдэл харьцангуй гайгүй байх гэж бодож байна. Алга болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Ер нь цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан манай дуудлагын ачаалал эрс нэмэгдсэн. Бид эхний ээлжинд алсын дуудлагандаа гарч ажиллаж байгаа. Аймгийн төвийн дуудлагад хараахан явж эхлээгүй байна.” гэж аймгийн ОБГ-аас мэдээллээ.
Т.Одончимэг
 
Холбоотой мэдээ