"Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хоёр дахь шатны үзлэгт 43 мянга орчим иргэн хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-04-05 11:43:51

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Өлгий хотод өчигдөр нээлтээ хийсэн Монгол Улсын Засгийн газрын "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн хоёр дахь шатны үзлэгт Баян-Өлгий аймгийн 15-39 насны 42933 иргэн уг хамрагдах урьдчилан тооцоо гарсан байна. 

Хөтөлбөрийн нээлтийн ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг даргын орлогч А.Камелият оролцсон юм. Аймгийн Засаг даргын орлогч хэлсэн үгэндээ, 2017 онд хэрэгжсэн хөтөлбөрийн эхний шатанд Баян-Өлгий аймгийн 40-65 насны 18 мянга гаруй иргэн хамрагдах ёстойгоос 40 хувь нь шинжилгээ өгснийг онцоллоо. Уг арга хэмжээнд эрүүл мэндийн даатгал төлөөгүй иргэд хамрагдаж чадаагүй ажээ. Шинжилгээ өгсөн 650 иргэнээс элэгний В, С вирус илэрч, 380 иргэн эмчилгээнд хамрагдсан байна.

Харин хоёр дахь шатанд иргэдийн хамрагдалтын түвшинг өмнөхөөсөө ахиулж 80 хувьд хүргэхээр зорьж байгаагаа аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Айгүл мэдэгдлээ.

"Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөр нь элэгний хорт хавдар, хатуурлын шалтгаантай нас баралтыг бууруулж, вирусийн голомтыг устгах зорилготой бөгөөд 2020 он хүртэл хэрэгжих ажээ. Иймд иргэд харьяа өрхийн эмнэлэг, сумдын Эрүүл мэндийн төвүүдэд очиж вирусийн шинжилгээг үнэ төлбөргүй өгөх, вирүс илэрсэн тохиолдолд үнэгүй болон хөнгөлөлттэй үнээр эмчлүүлэх боломжтой байна.
  

Ө.Нурболат


Холбоотой мэдээ