УИХ-ын Хаврын чуулганыг маргааш 10.00 цагаас нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-04-04 17:53:27
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 2018 оны Хаврын ээлжит чуулган маргааш 10.00 цагаас нээлтээ хийнэ.

Хаврын чуулганы нээлтийг хийсний дараа УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд болох хуваарьтай байна. Харин УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан баасан гарагт болж, хэд хэдэн асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлт, Бүгд найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, Монгол Улсын Ерөнхий сайд “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ-Бүх нийтийн хамралт” сэдвээр мэдээлэл хийх юм. 

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс баталсан хуваарийн дагуу Хаврын чуулганы хугацаанд дараах хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөөд байна. Үүнд:
  1. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл
  2. “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан
  3. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт
  4. “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  5. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  6. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  7. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  8. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  9. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  10. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  11. Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  12. Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл
  13. Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  14. Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  15. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  16. Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл
  17. Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
  18. Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл
  19. Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  20. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл
  21. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл
  22. Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Бусад: Түүнчлэн Захирамжид зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурлын гишүүдээс Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрд нь Зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлэж байхаар тогтоосон байна.
Н.Туяа
Холбоотой мэдээ