Т.Жанабазар: Ерөнхий сайдын айлчлал хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал нөлөөтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-04-04 10:19:02
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 8-12-ны өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийх гэж байна. Уг айлчлалтай холбогдуулан ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Т.Жанабазартай Монгол, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа. 

-ТҮҮХИЙН ЯНЗ БҮРИЙН ЦАГ ҮЕИЙГ ТУУЛСААР ЭДҮГЭЭ ИЖ БҮРЭН СТРАТЕГИЙН
ТҮНШЛЭЛИЙН ХАРИЛЦААНД ХҮРЛЭЭ-

-Монгол, БНХАУ-ын харилцаа олон жилийн түүхтэй. Өнгөрсөн болоод одоо цагт хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа хэрхэн өрнөж, өргөжин тэлж байна вэ?

-Монгол, Хятад хоёр үндэстэн түүхийн урт хугацааны туршид хөрш зэргэлдээ зэрэгцэн оршиж, нийгмийн харилцааны олон салбарт идэвхтэй харилцаж ирсэн түүхтэй. 1949 онд БНХАУ байгуулагдсаны дараа БНМАУ хамгийн түрүүнд БНХАУ-ыг хүлээн зөвшөөрч найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн орнуудын нэг юм. Манай хоёр улсын харилцаа түүхийн янз бүрийн цаг үеийг туулсаар өнөөг хүрч эдүгээ Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд хүрээд байна. Хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа 1994 оны Монгол Улс, БНХАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ, 2014 онд байгуулсан Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоох тухай хамтарсан тунхаглалын үндсэн дээр идэвхтэй явагдаж байна.
Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа нийгмийн харилцааны бүхий л салбарыг хамран тогтвортой хөгжиж байгаа. Улс төрийн харилцаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж, улс төрийн итгэлцэл өндөр түвшинд хүрч, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг урагшлуулан хөгжүүлж байна. Энэ таатай үндэс суурь дээр хоёр талын эдийн засаг, худалдаа, соёл, хүмүүнлэгийн салбарын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй явагдаж байгаа юм. 

-Хоёр орны харилцааны үнэт зүйл, нийтлэг эрх ашиг, онцлогийг хэрхэн илэрхийлж болох вэ?
-Манай хоёр улс язгуур эрх ашгаа харилцан хүндэтгэж, улс төрийн итгэлцлээ бэхжүүлэх замаар Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх өргөн боломж байгаа гэж үздэг.
Монгол, Хятад хоёр улс бол уул усаар холбогдсон, түүх, соёлын нийтлэг өв уламжлалтай, эдийн засгийн хувьд харилцан нөхөх боломжтой найрсаг мөнхийн хөршүүд. Нийт 4700 гаруй км газар нутгаар хиллэдэг, хоёр улсын хооронд хилийн 13 боомтоор иргэд харилцан зорчиж, худалдааны үйл ажиллагаа явуулж, хоёр орны харилцааг хөгжүүлэхэд үүрэг гүйцэтгэж байна.
Хоёр талын харилцааг хөгжүүлэхээс гадна манай хоёр улс бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийн төлөө хамтран ажиллаж ирсэн арвин туршлагатай.

-Цаашид хоёр орны харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэх, тэр дундаа улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд Монголын талаас ямар алхам хийвэл тохиромжтой бол?
-Хятадын өндөр хурдацтай хөгжиж байгаа хөгжлийн боломжийг Монгол Улс цаашдынхаа хөгжилд ашиглах бүрэн боломжтой гэж үздэг. Манай хоёр орны хооронд ямар нэгэн шийдвэрлэгдээгүй асуудал байхгүй. Улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэхийн тулд бүх түвшний, бүх салбарын харилцан айлчлал, уулзалт, яриа хэлэлцээг идэвхтэй үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний 2014 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын харилцааг Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүргэн хөгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ бол хоёр орны харилцааг олон арван жил хөгжүүлэх түүхэн чухал баримт бичиг. Тэгээд ч Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа гэдэг бол гүнзгий утгатай, өргөн агуулгатай ойлголт. Нэгэнт хүрсэн энэ өндөр түвшний харилцааг цаашид улам бэхжүүлэн хөгжүүлэх нь чухал.
Монгол-Хятадын хамтын ажиллагаа нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байна. Сүүлийн жилүүдэд БНХАУ нь манай улсын хамгийн том худалдааны түнш бөгөөд гол хөрөнгө оруулагч орнуудын нэг байж ирсэн юм. Тухайлбал, хоёр улсын худалдааны эргэлт 2017 онд 6.7 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 36 хувиар өссөн бөгөөд манай улсын нийт худалдааны 63 хувийг бүрдүүлсэн. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар Монгол Улсад олон төслүүд хэрэгжиж байна.
Ард иргэдийн найрсаг харилцаа, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх нь хоёр улсын харилцааны нийгмийн үндсийг бэхжүүлэх, хоёр ард түмний харилцан ойлголцол, найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой. Өнгөрсөн жил Монгол, Хятадын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийг байгуулж, энэ оны 1 дүгээр сард Бээжин хотноо анхдугаар хурлыг зохион байгуулж 2018 онд хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний жагсаалтыг баталсан.
 
-ХАРИЛЦАН АШИГТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛЭХ ОЛОН ТОМООХОН
ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ЯРИЛЦАЖ БАЙНА-

-Хоёр орны худалдааны эргэлт 36 хувь өссөн гэж Та хэллээ. БНХАУ-ын эдийн засгийн үсрэнгүй өсөлт Монгол Улсад хэрхэн нөлөө үзүүлэх вэ? Бидэнд ямар боломж байна вэ?

-Өнгөрсөн жилүүдийн Хятадын хурдацтай хөгжлийн дүр төрхөөс харахад, хөдөлмөрч Хятадын ард түмэн төр, засаг, намынхаа удирдлага дор дэвшүүлсэн зорилтуудаа амжилттай хэрэгжүүлж, “2-100 жил”, “Хятадын мөрөөдөл”-өө бодит үйл хэрэг болгож чадна гэдэгт эргэлзэхгүй байна. Монгол Улс нь дэлхийн хоёр дахь том эдийн засагтай, дэлхийн эдийн засгийн өсөлтийн 30 гаруй хувийг бүрдүүлдэг БНХАУ-тай хөрш зэргэлдээ оршдог нь бидэнд хөгжлийн шинэ боломжийг нээж, хамтдаа хөгжиж, хамтдаа хожих таатай нөхцлийг бүрдүүлж байна. 
БНХАУ-ын эдийн засгийн үсрэнгүй хөгжил Монгол Улсад төдийгүй бүс нутаг, тив, дэлхийн хөгжил дэвшилд нааштай үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна. Хоёр тал бие биеийн язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэх үндсэн дээр Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг идэвхжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн, хоёр улсын хөгжил цэцэглэлт, хоёр ард түмний итгэлцэл, нөхөрлөлийг бататгахын төлөө нягт хамтран ажиллаж байна.
“Хятад улс Монгол Улсыг оролцуулаад хөрш орнууддаа хөгжлийн боломж, хөгжих орон зайг олгоно. Та бүхнийг Хятадын хөгжлийн хурдан галт тэргэнд суухыг урьж байна” гэсэн Ши Жиньпин даргын 2014 онд Монгол Улсад айлчлах үеэрээ хэлсэн уриалгыг монголчууд бид дэмжиж, хамтдаа хөгжихийн төлөө байна. Монгол, Хятадын ойр дотно харилцаа, итгэлцэл, ойлголцол, эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагаа нь зөвхөн хоёр ард түмний эрх ашигт төдийгүй, бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна.   

-Ерөнхий сайдын айлчлалд хоёр тал өндөр ач холбогдол өгч байгаа. Үүний хэрээр хүлээх үр дүн их байна. Энэ айлчлалын үеэр ямар асуудлууд шийдэлд хүрэх хүлээлттэй байгаа вэ?
-Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэн урагшлуулахад Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн энэ удаагийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал чухал ач холбогдолтой болно гэж найдаж байна. Энэ удаагийн айлчлалын дүнд зарим салбарын харилцаа, хамтын ажиллагаа улам идэвхжин өрнөх болно. Тухайлбал, улс төрийн харилцаанд итгэлцэл, ойлголцол гүнзгийрч, харилцааны тогтвортой байдал бэхжин, өндөр дээд түвшний харилцан айлчлал, уулзалтууд тогтмолжин урагшлах болно.
Айлчлалаар хоёр талын эдийн засгийн олон чухал асуудлыг авч нухацтай хэлэлцэж ярилцана. Эдгээр асуудлаар тодорхой шийдлүүдэд хүрч, хоёр талын бодит харилцаа, хамтын ажиллагаа цаашид улам идэвхжин өрнөж гүнзгийрэх болно. Ер нь Засгийн газрын тэргүүний айлчлал хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал нөлөөтэй байдаг.
2017 оны 5 дугаар сард ““Хөгжлийн зам” хөтөлбөр болон “Бүс ба Зам” санаачилгыг уялдуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулсан. Тус санамж бичигт хоёр тал 5 үндсэн чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон, томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд олон томоохон төслийг хэрэгжүүлэхээр ярилцаж байна. Энэ удаагийн айлчлалын үеэр гарын үсэг зурах “Үйлдвэрлэлийн чадавхи, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр” хоёр улсын аж үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад түлхэц үзүүлнэ гэж үзэж байна.
Хятадын талаас олгохоор амласан буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх талаар хятадын талтай тодорхой ярилцана.
Манай улс Хятад улстай хийж буй худалдааны эргэлтийг улам бүр нэмэгдүүлэх, чингэхдээ манай экспортын барааны нэр төрлийг нэмэгдүүлэх, тухайлбал нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн,  хөдөө аж ахуйн  гаралтай, органик хүнсний бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийг зорьж байна. Хөрөнгө оруулалтын тухайд уул уурхайн бус салбар дахь хөрөнгө оруулалтыг түлхүү нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй, эрчим хүч хэмнэх дэвшилтэт технологи, инновацийг нутагшуулах хөрөнгө оруулалтыг түлхүү оруулахыг сонирхож байгаа юм.

-БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгад Монгол Улс хэрхэн оролцож, үүнээс ямар ашиг тус хүртэж болох вэ?
-БНХАУ-ын Төрийн тэргүүн Ши Жиньпин "Бүс ба Зам" санаачилгыг "Зууны төсөл" хэмээн нэрлэж, "Хятад маягийн даяарчлал" бий болгох үндэс суурийг тавьж байгаагаа дурдаад “Олон улсын харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ загварыг бий болгоно” гэж мэдэгдсэн.
БНХАУ-ын энэхүү санаачилга нь Торгоны замын эдийн засгийн бүс, 21 дүгээр  зууны далайн торгоны замын бүсэд хамаарах хөгжлийн стратеги бөгөөд уг санаачилгад хамарсан бүс нутаг, багтсан улсуудын эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гарган хөгжүүлэх, байгалийн ба нийгмийн аливаа нөөц баялгийг хамтран ашиглаж, хамтдаа хожсон бүх нийтийн бүтээгдэхүүн болгох замаар хамтдаа урагшлан хөгжих зорилготой гэж үзэж байна.
“Бүс ба Зам” санаачилга нь бүс нутагт нээлттэй хамтын ажиллагааг өрнүүлэх, дэлхий дахинд чөлөөт худалдаа ба нээлттэй эдийн засгийг дэмжих, олон улсын нийтлэг бөгөөд суурь ашиг сонирхолд нийцэн хөгжих, дэлхийн хөгжлийн замд шинэ хэлбэр, шинэ эрч хүчийг нэмэх зорилготой гэж ойлгож байна.
БНХАУ-ын санаачлага, үйл ажиллагаа нь “Бүс ба Зам”-ын дагуу орших улс орнууд, түүний дотор Монгол Улсын хөгжил дэвшилд чухал ач холбогдолтой бөгөөд эдгээр улс орны хооронд харилцан ойлголцлыг нэмэгдүүлэн, хамтын ажиллагааны шинэ орон зайг бий болгох төдийгүй, дэлхий нийтийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд эерэг нөлөө үзүүлнэ гэж найдаж байна.

-Монгол Улсын дэвшүүлж буй “Хөгжлийн зам” санаачилгыг БНХАУ-ын тал дэмжиж байгаагаа мэдэгдсэн. Энэ санаачилгыг нягт холбож, илүү үр дүнд хүргэх ямар боломж байна вэ?
-Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхий сайд Бээжин хотноо болсон “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцож, айлчлал хийсэн нь хоёр улсын харилцаанд дүгнэлт өгч, харилцааны цаашдын чиг хандлагыг шинээр тодотгож, улс төрийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, бодит хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэх, харилцааны уур амьсгалыг бататгах, хоёр улсын хооронд тогтоосон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан гэж үзэж байна.
Айлчлалын үеэр “Хөгжлийн зам” хөтөлбөрийг “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулах тухай санамж бичиг байгуулсан. Энэхүү санамж бичгийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны төлөвлөгөөг хамтран гаргаж, уялдуулахаар ажиллаж байна.
 
-ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ СУДЛАХ ТӨВ БАЙГУУЛСНААР ГУРВАН ТАЛТ
ХАМТЫН АЖИЛЛАГАА ИДЭВХЖИНЭ-

-Монгол, БНХАУ, ОХУ-ын Эдийн засгийн коридор байгуулах ажил маш эрчимтэй эхэлж, олон ч уулзалт хэлэлцүүлгүүд болсон. Харин сүүлийн үед бага зэрэг саарсан гэж зарим судлаачид шүүмжлээд байгаа. Үүнийг эрчимжүүлэхэд бидний зүгээс ямар алхам хийх шаардлагатай байна  вэ?
-Манай улс Монгол, Орос, Хятадын гурван талт хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгдөг. 2016 онд байгуулсан “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр бид орос, хятадын талуудтай ажиллаж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд 32 төслүүд дотроос нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр тохиролцсон Төмөр замын төв коридор; Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийг дамжин өнгөрөх тээвэрлэлтэд идэвхтэй ашиглах, тус чиглэлд хурдны авто зам барих эдийн засгийн үндэслэлийг судлах; эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэсэн 3 төсөлд эдүгээ гол анхаарлаа төвлөрүүлэн хэрэгжүүлэх хэлбэрийг судалж байна. Эдгээр төслүүдийг хамтран богино хугацаанд хэрэгжүүлэх нь гурван улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг мэдэгдэхүйц гүнзгийрүүлэх боломжийг олгох юм.
Гурван талын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт тусгагдсан төсөл, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх үүднээс хөтөлбөрийг хэрэгжүүлэх механизм болох Хөрөнгө оруулалт судлах төвийг байгуулах чиглэлээр талууд идэвхтэй ажиллаж тохиролцоонд хүрч байна. Энэ механизмыг байгуулснаар гурван талт хамтын ажиллагаа идэвхжих болно.

-Сүүлийн жилүүдэд Монгол, БНХАУ-ын төрийн өндөр дээд айлчлалуудаар хэлэлцэж, ярьсан сэдвүүд хэрхэн ажил хэрэг болж байна вэ? Тухайлбал БНХАУ-ын дарга Ши Жиньпиний айлчлалын үеэр яригдсан бодлогын томоохон асуудлуудын хэрэгжилт ямар түвшинд байна вэ?
-Хоёр улсын эдийн засгийн хөгжилд түлхэц болох томоохон төслүүдийг ойрын хугацаанд хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой алхмуудыг хийх нь чухлыг өндөр, дээд түвшний айлчлалын үеэр ярилцсан. Бид БНХАУ-тай өндөр, дээд түвшинд нэг бус удаа хэлэлцэн тохирч, хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн томоохон төсөл, арга хэмжээнүүд цөөнгүй бий. Тэдгээрийг урагшлуулан хөдөлгөж, эдийн засгийн эргэлтэд оруулснаар Монгол Улсын хөгжилд, монголын ард түмний аж амьдралд бодит үр өгөөж авчрах болно.
БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар Монгол Улсад олон төслүүд хэрэгжиж байна. Тухайлбал “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих”, “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл”, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэл” төсөл, “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлт” төсөл зэрэг олон төслийг хэрэгжүүлэхээр хоёр тал тохиролцоод байна.
БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар дэд бүтцийн бүтээн байгуулалт, цахилгаан станц шинэчлэх зэрэг худалдаа, эдийн засгийн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийг эрчимжүүлэх шууд уялдаатай төслүүд байгаагийн зэрэгцээ сургууль, цэцэрлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан цогцолбор болон мазаалай баавгайн амьдрах орчныг сайжруулах зэрэг манай ард иргэдийн аж амьдралыг сайжруулах, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн төслүүд цөөнгүй байна.
Хятадын талаас 2016-2017 онд олгох 700 сая юанийн буцалтгүй тусламжийг гэр хорооллыг орон сууцжуулах, боомтын дэд бүтцийг сайжруулахад хуваан ашиглах, 2018 оноос эхлэн олгох 2 тэрбум юанийн буцалтгүй тусламжийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд ашиглах болсон. 
Монгол, Хятадын хамтын ажиллагаа ийнхүү нийгмийн харилцааны бүхий л салбарыг хамран тогтвортой хөгжиж байна. Хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх, үр өгөөжийг нь дээшлүүлэхийн тулд тохиролцсон тохиролцоог бодит ажил хэрэг болгох, хамтын ажиллагааны механизмуудын үйл ажиллагааг тогтмолжуулж, дээд түвшинд хүрсэн тохиролцооны хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах шаардлагатай гэж үзэж байна.

Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ