Скрипалийн хэрэг: Дипломат дайны өрнөл “хүйтэн дайн”-д хүргэх үү?

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2018-04-03 17:05:08
Орос улс болон барууны орнуудын хооронд 1980-аад оноос хойш болж байгаагүй хурц сөргөлдөөн дахин дэгдлээ. Энэ бол “Скрипалийн хэрэг”-тэй холбоотой дипломат дайн. 2014 онд дэгдсэн Украины хямрал, Орос улс Крымыг өөртөө нэгтгэсэн явдал нь олон улсын харилцаанд маш ээдрээтэй байдлыг үүсгэсэн хэдий ч дипломат сөргөлдөөнийг ингэж ноцтойгоор хурцатгаж байгаагүй билээ.
 
Болсон хэргийн тухайд товчхон

Энэ оны 3 дугаар сарын 4-ны өдөр Оросын цэргийн тагнуулын хурандаа, 66 настай Сергей Скрипаль болон түүний охин хоёр Английн Солсбери хотын  худалдааны төвийн ойролцоох сандал дээр ухаангүй хэвтэж байсныг харсан иргэд цагдаагийн газарт дуудлага өгчээ. Их Британийн мөрдөн байцаагчдын үзэж байгаагаар, “новичок” гэдэг хорт хийгээр Скрипаль болон түүний охиныг хордуулсан бололтой. Энэ хэрэгтэй холбогдуулан 12-ны өдөр Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй мэдэгдэхдээ “новичок” гэдэг бодисыг хуучин нэрээр ЗХУ-д гарган авсан бөгөөд Скрипаль болон түүний охины амь насанд халдсаны хариуцлагыг Орос улс хүлээх ёстой” гэсэн байна. 



Ийм нэртэй хорт бодис байдаг гэдгийг Америкт зугтан гарсан Оросын тэрс үзэлтэн, 83 настай, цэргийн химич асан Виль Мирзаянов гэдэг хүн анх олон нийтэд ил болгожээ. Түүний 2007 онд бичсэн “Улсын нууцууд” гэдэг номонд эл бодисын химийн томьёог нийтэлсэн ба уг номыг “Амазон” интернэт худалдааны цахим хуудаснаас 30 доллароор худалдан авч болох гэнэ.  

Зарим шинжээчдийн үзэж байгаагаар, “новичок” гэдэг бодисыг гарган авах туршилтыг ЗХУ-д 1970-аад оны үед хийж байгаад 1990-ээд онд зогсоожээ. Ийм учраас Оросын одоогийн эрх баригчид уг химийн бодистой ямар нэгэн байдлаар холбоогүй аж.



Түүх сөхвөл, 1995 онд Английн тусгай албаныхан Скрипалийг өөрийн талд урвуулан авч, түүнийг хоёр талд зэрэг ажилладаг тагнуулч болгосон байна. 2004 онд Оросын шүүхээс эх орноосоо урвасан Скрипальд 13 жилийн хорих ял оноосон ба 2010 онд Орос, Их Британи хоёр илчлэгдсэн тагнуулуудаа солилцох үед тэрбээр суллагдан Англид амьдрах болжээ. 
 
Оросуудыг хөөх аянд барууныхан нэгдсэн нь
 
Бусдын газар нутагт химийн зэвсэг хэрэглэсэн хэмээн Оросыг буруутгаж буй барууны орнууд Их Британитай эв санааны нэгдэлтэй байгаа гэдгээ илэрхийлэхийн тулд Оросын дипломат ажилтнуудыг улс орноосоо хөөн гаргасаар байна. Одоогийн байдлаар, дэлхийн 26 улс Оросын 150 гаруй дипломат ажилтныг нутаг орноосоо гаргасны дотор АНУ дангаараа 60 дипломатчийг хөөж,” оросуудыг хөөх их аян”-д хамгийн идэвхтэй оролцжээ.  Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт АНУ-ын тал Оросын 48 дипломат ажилтан болон НҮБ-д суугаа Оросын Байнгын төлөөлөгчийн газрын 12 ажилтан, нийт 60 хүнийг Америкийн нутаг дэвсгэрээс гаргахаар шийдвэрлэснээ мэдэгдсэн байна. Үүний сацуу Сиэтл хот дахь Оросын Консулын газрыг хаах шийдвэр гаргасан бөгөөд үүнийгээ “тус Консулын газар Америкийн шумбагч хөлөг онгоцны баазтай хэт ойрхон байрладаг” гэж тайлбарлажээ. 

Урьд нь Оросын дипломатчдыг хөөн гаргаж байсан тохиолдлууд бий, гэхдээ энэ удаагийнх шиг 26 улс нэгдмэл байр суурьтайгаар оросуудыг олноор нь нутгаасаа хөөж байсангүй. Нэг жишээ дурдахад, 2016 оны эцсээр Обамагийн засаг захиргаа Оросын 35 дипломатч ажилтныг улсаасаа хөөн гаргаж, Нью-Йорк болон Мэрилэнд муж улсууд дахь Оросын дипломатчдын хоёр зусланг хааснаар томоохон дуулиан дэгдэж байсныг уншигчид санаж байгаа болов уу. Үүний шалтгаан нь, оросуудыг 2016 онд болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон хэмээн буруутгасантай холбоотой байв.

Скрипалийн хэрэгтэй холбогдуулан АНУ-ын Төрийн Департаментын хэвлэлийн төлөөлөгч Хэзэр Науэрт мэдэгдэхдээ “Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны ахыг хордуулан хөнөөсний дараа Умард Солонгосын эсрэг авсан хоригтой адил арга хэмжээг Оросын эсрэг авч болохыг” үгүйсгэсэнгүй. Түүнээс гадна, Их Британи, АНУ болон Европын Холбооны зүгээс Оросын эсрэг дахиад эдийн засгийн хориг арга хэмжээ авна гэдэг нь бараг ойлгомжтой болоод байна. Мөн англичууд Орост болох хөлбөмбөгийн ДАШТ-нд оролцохгүй гэж сүрдүүлсэн бололтой.

Барууны орнууд нэгэн зэрэг Их Британитай эв санааны нэгдлээ илэрхийлэн Оросын дипломатчдыг нутаг орноосоо хөөж буйн учир юу вэ?  Юуны түрүүнд, Британийн нутаг дэвсгэрт химийн зэвсэг ашигласан гэж үзсэн нөхцөлд НАТО-гийн дүрмийн 5 дугаар зүйлд заасны дагуу бүх гишүүн орон халдлагад өртсөн тухайн гишүүн орныг хамтын хүчээр хамгаалах ёстой болж байгаа аж.

Нөгөөтэйгүүр, нэрээ хэлэхээс татгалзсан Америкийн тагнуулын албанд ажиллаж байсан нэгэн хүний ярьснаар бол “урвагчид буюу эсрэг талын тагнуулын албанд элссэн хүмүүс болон тэдний гэр бүлийнхнийг хөнөөн устгаж болохгүй гэсэн бичигдээгүй хууль дэлхийн улс орнуудын тагнуулчдад үйлчилдэг байна". Хэрвээ үүнийг зөрчих аваас тусгай албадын хооронд жинхэнэ ёсоор дайн дэгдэх магадлалтай. Бичигдээгүй хуулийг зөрчих нь тухайн улсын дипломатчдыг хөөн гаргах ноцтой шалтгаан болдог байна. Америкийн түүхч Марк Скулманы үзэж байгаагаар, дипломатчдыг нутаг дэвсгэрээсээ гаргах талаар албан ёсоор тайлбарлан мэдэгдэж байна гэдэг бол тухайн улсад ноцтой шаардлага тавьж байна гэсэн үг ажээ.                                                                                   
1961 онд батлагдсан дипломат харилцааны тухай Венийн Конвенцид зааснаар, хүлээн авагч улс нь гадаад улсын дипломат ажилтныг персон-нон-грат гэж зарлахдаа ийм шийдвэр гаргах болсон шалтгаанаа тайлбарлах албагүй байдаг аж.   

Оросын талын хариу алхам  
 
Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Москвад суугаа АНУ-ын Элчин сайд Ж.Хантсманыг дуудан ирүүлж уулзах үеэрээ, Оросын 60 дипломатчийг Америкийн нутаг дэвсгэрээс гаргасны хариуд АНУ-ын мөн адил тооны дипломат ажилтанд ОХУ-ын нутаг дэвсгэрээс 4 дүгээр сарын 7-ны дотор гарч явах шаардлагыг тавьсан байна. Мөн Оросын тал Санкт-Петербург хот дахь Америкийн Консулын газрыг хаахаар шийдвэрлэжээ.
 
Түүнчлэн Их Британийн 23 дипломат ажилтныг Оросоос гаргахаар шийдвэрлэсний сацуу Санкт-Петербург хотод Их Британийн Консулын газрыг нээх зөвшөөрлөө хүчингүй болгож, Орос дахь Британийн зөвлөл гэдэг байгууллагыг хаасан байна.

Үүний сацуу С.Лавров мэдэгдэхдээ “Орос улс Химийн зэвсгийг хориглох байгууллагын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулна, хэрвээ барууны орнууд тус байгууллагын хүрээнд нүүр тулан шударгаар ярилцахыг хүсэхгүй байх аваас энэ нь Скрипалийн хэрэг бол өдөөн хатгалт мөн гэдгийг харуулна” гэж мэдэгдсэн байна.
 
Скрипалийн хэргийн тухайд Хятад улс Оросыг дэмжсэн байр суурьтай байна. Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Лу Кан мэдэгдэхдээ “Скрипаль болон түүний охиныг хордуулсан хэрэгт Оросын тал холбоотой гэж үзэх үндэслэл харагдахгүй байна. Ийм маягаар аливаа улсыг буруутгахад маш тодорхой нотолгоо хэрэгтэй. Хятад улс эл үйл явдлын өрнөлийг анхааралтай ажиглах болно” гэлээ.   

Скрипалийг хордуулан хөнөөх нь Путинд ашигтай юу?

С.Скрипаль бол эх орондоо учруулсан хохирлын хувьд Олег Пеньковскийтэй зүйрлэхүйц аюултай урвагч аж. 100 мянган доллар авсныхаа хариуд түүний англичуудад өгсөн мэдээллийн дагуу АНУ-ын тусгай албад Оросын тагнуулын бүхэл бүтэн сүлжээг илрүүлсэн гэдэг. Ийм учраас Оросын эрх баригчид хөнөөл ихтэй заналт урвагчийг цаазлан цээрлүүлэхээр шийджээ гэсэн хувилбарыг барууны хэвлэлүүд дэвшүүлж байна. Үүний сацуу Скрипалийг хордуулснаар Оросын эрх баригчид Их Британид амьдарч буй Оросын олигархиудыг айлгах гэсэн давхар зорилго өвөрлөж байгаа гэнэ. Скрипалийн хэргийн дараа айдаст автсан олигархиуд хилийн чанад руу гаргасан мөнгөө эх орондоо аваачиж тушаахаас өөр аргагүй болох аж.    

Скрипалийг хордуулан хөнөөх гэсэн оролдлогод хамгийн түрүүнд Путинийг буруутгаж байна. Гэтэл Орос улсын хувьд Украины хямрал, Сирийн иргэний дайн, Умард Солонгосын цөмийн зэвсгийн асуудал, Ираны цөмийн гэрээ, хоёрхон сарын дараа болох хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах гээд өч төчнөөн асуудлууд хуримтлагдчихаад байгаа билээ. Ийм олон асуудалд дарагдаад толгой өндийх завгүй байгаа төрийн тэргүүн хүн Ерөнхийлөгчийн сонгууль болохоос 16-хан хоногийн өмнө өөрийнх нь зарлигаар 2010 онд суллагдсан тагнуулч байсан хүнийг, Орост хохирол учруулж чадахаасаа нэгэнт өнгөрсөн,  нас сүүдэр өндөр болсон хүнийг хордуулан хөнөөнө гэдэг нь хэр зэрэг цагаа олсон алхам бэ?
 
Эсвэл Оросын тусгай албаныхан Путинд мэдэгдэлгүйгээр Ерөнхийлөгчийн сонгуулийн яг өмнө, нууц мэдээлэлд ойртохоо байгаад удсан хөгшин тагнуулчийг гэнэт хөнөөхөөр шийдэв үү? Энэ нь бас л үнэмшил багатай сонсогдож байгаа юм. Скрипаль 2010 оноос хойш Их Британид амьдарч байгаа бөгөөд түүнийг хөнөөхийн тулд 8 жилийн турш хүлээж байгаад Ерөнхийлөгчийн сонгуулиас хоёрхон долоо хоногийн өмнө хордуулж байна гэдэг нь үнэмшил багатай гэдгийг Оросын хэвлэлүүдэд онцолсон байна.  
 
Барууныхан ялангуяа Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй хэрэг гарсан даруйд Оросын эрх баригчдыг эл хэрэгт яаран буруутгасан нь Путинд “томхон олз” болж, гэртээ зурагтаа үзээд зүгээр сууж байсан улс төрийн идэвхгүй оросуудын эгдүүцлийг төрүүлснээр тэд Путинийг дэмжин саналаа өгсөн байна. Өөрөөр хэлбэл, барууныхны дайралтын эсрэг Оросын нийгмийн янз бүрийн давхаргууд улс төрийн талаар нэгдэн нягтарсан нь Путиний нэр хүндийг өсгөж, тэрбээр сонгуульд хол тасархай яллаа.
 
Скрипалийг хордуулсан хэргийн талаар үнэн худал нь мэдэгдэхгүй, толгой эргэм олон хувилбарууд яригдаж байгаа аж. Тухайлбал, С.Скрипаль нь Кристофер Стил гэгчтэй холбоотой байсан бөгөөд Их Британийн тагнуулын албанд ажилладаг байсан Стил “ Д.Трамп Москватай холбоо тогтоон ажилладаг байсан” хэмээн буруутгаж байсан гэнэ. Иймээс Скрипаль ямар нэгэн нууц мэдээлэл олж мэдсэний улмаас халдлагад өртсөн байж болзошгүй аж.  Нөгөөтэйгүүр, Украины тагнуулын алба оросууд болон барууныхныг хооронд нь сөргөлдүүлэх зорилгоор Скрипалийг хордуулсан байж магадгүй гэх мэтчилэн.   

“Дипломат дайн”-ы өрнөл “хүйтэн дайн”- д хүргэх үү?                                                                            

Бусдын нутаг дэвсгэрт химийн зэвсэг хэрэглэсэн гэх үндэслэлээр барууны орнууд Оросыг буруутгаж, тус улсын дипломатчдыг улс орноосоо хөөн гаргаж буйг “шинэ хүйтэн дайн эхэллээ” хэмээн олон хүн дүгнэж, 1950-аад оноос 1980-аад оны сүүлч хүртэл үргэлжилсэн ЗХУ ба барууны орнуудын хоорондын үзэл суртлын сөргөлдөөнтэй адилтгаж зүйрлэж байна.

Харин Кеннаны хүрээлэнгийн судлаач Майкл Кофманы үзэж байгаагаар, ингэж адилтган харьцуулах нь өрөөсгөл дүгнэлт ажээ.

Хүйтэн дайн гэдэг нь дэлхий ертөнцөд хоёр туйлт тогтолцоо бий болж, хоёр хэт их гүрэн болох АНУ, ЗХУ хоёр өөрсдийн эдийн засгийн болон цэргийн давуу байдлаа ашиглан дэлхийн бодлогод нөлөөлөхийн төлөө өрсөлдөж байсан тэрхүү сөргөлдөөнийг хэлж байгаа юм.  Хэт их гүрнүүдийн түгээж байсан капитализм ба коммунизмын тухай эсрэг тэсрэг хоёр үзэл суртал болон хүчний хуваарилалт нь ийм сөргөлдөөнд зайлшгүй хүргэхбайсан. Гэтэл өнөөдөр үүсээд буй дипломат сөргөлдөөн нь ямар нэгэн үзэл суртлын зөрөөнөөс үүдэлтэй бус харин өөрсдийн баримталж буй стратеги болон гадаад бодлогоос улбаатайгаар улс орнуудын удирдагчдын зориуд ухамсартайгаар гаргасан шийдвэр юм.

Б.Адъяахүү

Эх сурвалж: VOA, BBC, Российская газета 
Холбоотой мэдээ