Афганистаны парламентын сонгууль хойшлогджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-04-02 06:49:43
КАБУЛ. /Ройтерс/. Удаан хүлээгдсэн Афганистаны парламентын сонгууль хойшлогдлоо гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Афганистаны Сонгуулийн ерөнхий хорооноос ням гарагт гаргасан мэдэгдэлд дурдсанаар, энэ оны долдугаар сард хийхээр товлоод байсан парламентын сонгуулийг тус улсын аюулгүй байдал муудаж байгаатай холбоотойгоор 10 дугаар сарын 20-ныг хүртэл хойшлуулсан байна. Тус улс төлөвлөгөө ёсны дагуу бол парпаментын сонгуулийг гурван жилийн өмнө хийх ёстой байсан юм.

Лалын босогчдын “Талибан”, “Лалын улс” зэрэг бүлэглэлийнхэн тус улсад террорист халдлага үйлдэж, засгийн газрын байгууламжууд руу халдсаар байгаа нь сонгуулийг хойшлуулах гол шалтгаан болжээ.

Тус улс ерөнхийлөгчийн сонгуулиа ирэх онд хийхээр төлөвлөсөн байна.

Ажиглагчдын хэлснээр, террористуудыг бүрэн дарж авахаас нааш тус улс сонгуулиудаа аюулгүй хийж чадах эсэх нь эргэлзээтэй байна.
 
Г.Доржханд

Холбоотой мэдээ