Улаанбаатар, Танжинь хотын ИТХ хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-03-29 13:16:30
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын дарга С.Амарсайханы урилгаар БНСУ-ын Танжинь хотын ИТХ-ын дарга Иэ Жон Ёон тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчлал хийж байна.
Төлөөлөгчдийг өнөөдөр НИТХ-ын дарга С.Амарсайхан хүлээн авч уулзлаа.
Тэрбээр, "Улаанбаатар хотын өмнө тулгамдсан олон асуудлыг гадаадын хамтын ажиллагаатай хотуудын  дэмжлэг, харилцан ашигтай хамтарч ажиллах байдлаар шийдвэрлэхийг зорьж байна" гэлээ.
БНСУ-ын Танжинь хотын ИТХ-ын дарга Иэ Жон Ёон "Танжинь хотын хувьд 1.7 сая хүн амтай, 14 дүүргээс сонгогдсон 12 төлөөлөгчтэй Иргэдийн хурлын үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд энэ удаа Улаанбаатарт 5 төлөөлөгчөө дагуулж ирсэн. Бид 3 хоногийн хугацаатай Улаанбаатар хотод айлчилж байна. Энэ хугацаанд тантай уулзаж хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах, Улаанбаатар хотын хөгжил дэвшилтэй биечлэн танилцах, цаашид ямар чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтойг судлах зорилготой. Танжинь хот бол хөдөө аж ахуйн салбар түлхүү хөгжсөн бүс нутаг. Мөн далайн боомттой хотын хувьд бараа материал тээвэрлэх чиглэлээр улс орнуудтай хамтран ажилладаг. Энэ боомтоор дамжин зүүн өмнөд Ази, Япон, Вьетнам, Хонконг болон Европын улс орнууд руу ачаа тээвэрлэлт хийдэг. Танжинь хотод Монголын оюутнууд их дээд сургуульд суралцахаас гадна олон монгол иргэн гэрээгээр ажилладаг. Манай Танжинь хотын  ИТХ-ын зүгээс монголчуудад боломжтой бүх хэлбэрээр дэмжиж туслах болно гэдгээ  энэ дашрамд илэрхийлье. НИТХ-ын дарга С.Амарсайхан таныг болон ИТХ-ын төлөөлөгчид та бүхнийг боломжтой үедээ манай Танжинь хотод айлчлахыг албан ёсоор урьж байна" гэв.
Уулзалтын төгсгөлд Улаанбаатар, Танжинь хоёр хотын ИТХ-ын дарга нар  худалдаа эдийн засаг, аялал жуулчлал, нутгийн удирдлагын чиглэлээр хамтран ажиллах, мөн хоёр хотын төр засгийн байгууллагын ажилтан, албан хаагчдыг харилцан туршлага солилцуулах, боловсрол соёл, нийгмийн салбарын харилцааг идэвхжүүлэх зэрэг асуудлаар санал солилцож,  цаашид хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ