Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг асран хамгаалагчдад зориулсан сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-03-28 23:02:11
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт Монголын тусгай олимпийн хорооноос хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх, төрийн болон төрийн бус байгууллагын мэргэжилтнүүдийг хамруулан сургалт зохион байгууллаа.
Хөдөө орон нутагт оршин суугаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагч, эмч, багш, төрийн болон хувийн хэвшлийн цэцэрлэг, сургуулийн нийгмийн ажилтнуудад  зориулан уг сургалтыг явуулсан юм. Сургалтаар  дауны хам шинж,  аутизмын хүрээний эмгэгийн талаар мэдлэг олгох, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил, боловсрол, эрүүл мэнд, эрхийг хамгаалах чиглэлээр, цэгцтэй ойлголт өгч, нийгмийн бүх үйлчилгээнд тэгш хамруулах, тусгай олимпоор дамжуулан тэднийг хөгжүүлэхэд эцэг эхчүүдийг уриалах, урам дэм өглөө. Энэхүү сургалтыг Монголын тусгай олимпийн хороо, "Баяр бахдалаа хуваалцъя" ТББ болон аймгийн ЗДТГазар хамтран  зохион байгууллаа
Оюуны бэрхшээлтэй хүүхдүүд болон насанд хүрэгчдийн эрхийг хамгаалах чиглэлээр Монголын Дауны холбоо, Аутизмын холбоо, Монголын тусгай олимпийн хороод голлон хамтран ажилладаг юм байна. Энэ удаагийн сургалтаар оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах арга зүй, нийгмийн хандлагын талаарх үндсэн ойлголтуудыг асран хамгаалагч, эмч, багш, төрийн болон хувийн хэвшлийн цэцэрлэг, сургуулийн нийгмийн ажилтнуудад мөн хүргэлээ.
Уг сургалтанд хөгжлийн бэрхшээлтэй болон, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асран халамжлагч иргэд, төрийн болон ТББ-ын 57 хүнийг хамруулжээ. Тус аймагт хөгжлийн бэрхшээлтэй 1985 иргэн байдаг байна.
Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ