Монголын худалдааг дэмжих–EU-TRAM төсөл 2020 хүртэл үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-03-28 14:44:37
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголын худалдааг дэмжих –EU- TRAM” төслийн нээлтийн арга хэмжээ Гадаад хэргийн яамны Зөвшилцөх танхимд өнөөдөр боллоо. Нийт таван сая еврогийн өртөг бүхий 2018-2020 онд хэрэгжих төслийн хүрээнд Европын холбооны стандартад нийцсэн олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг экспортлодог болоход анхаарах юм. 
Монгол Улсын хувьд Европын холбооны улс орнуудад 7200 гаруй бараа бүтээгдэхүүнийг татварын хөнгөлөлттэй экспортлох боломжтой ч өнөөдрийн байдлаар ноос ноолууран бүтээгдэхүүн, арьс ширэн бүтээгдэхүүн зэрэг 10 хүрэхгүй нэр төрөлд багтдаг байна. Тиймээс Гадаад харилцааны яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Европын холбооны төлөөлөгчийн газар хамтран хэрэгжүүлэх төслөөр уг нэр төрлийг өргөжүүлэхэд анхаарч ажиллахаар зорьж байгаа юм. Ингэхийн тулд Монголд үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүний стандартыг сайжруулах ёстой экспортын бараа, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмж, төрөлжүүлэхэд төслийн зорилго орших аж. 
 
Европын холбооны төлөөлөгчийн газар Фарко Ферри "Монгол Улс бол манай холбооны экспортын барааны татвараас хөнгөлөх гэрээний дагуу үйл ажиллагаа явуулах эрхтэй гишүүн улсын нэг. Тиймээс Монгол Улсаас 7200 гаруй бүтээгдэхүүнийг ямар нэгэн татваргүйгээр Европын холбооны улсууд руу оруулах боломжтой. Одоогийн байдлаар Монгол Улсаас Европын холбоо руу дандаа даавуун бүтээгдэхүүн гарч байгаа. Монгол Улс өөрийн боломжит чадвараа ашиглан малын гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох бүрэн боломжтой ч Европын холбооны мөрддөг стандартад хүрэх ёстой. Тэр стандартуудыг бараа бүтээгдэхүүнүүддээ нэвтрүүлэх бүрэн боломжтой. Бид Монгол Улсын Стандартчилал хэмжил зүйн газартай хамтраад 2014-2017 оны хооронд Монгол Улсын  стандартыг сайжруулах төслийг хэрэгжүүлсэн. Энэ төслийн үр дүнд 2018 оны 7 дугаар сар гэхэд Монгол Улсын Стандартчиллын шинэ хууль батлагдана гэж бид хүлээж байна. Уг хууль батлагдах юм бол экспортын хэмжээг нэмэгдүүлэх бүрэн боломжтой болно. Малын гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох бүрэн боломжтой ч гэлээ Европын холбоо хүнсэн дээр маш хариуцлагатай ханддаг. Тиймээс стандартыг хангах хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байна. Энэ төслүүд нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний сүлжээ,  хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нэмүү өртгийг дээшлүүлэх сайжруулах зэрэг төслүүд хэрэгжиж байна" хэмээсэн юм. 

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн "Төслийн хүрээнд нэгд, Монгол Улсын худалдааны оновчтой үр дүнтэй бодлого боловсруулна. Хоёрт, худалдааг хөнгөвчлөнө. Гуравт, экспортыг төрөлжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх гэсэн зэрэглэл тогтоох юм. Монгол Улс дэлхийн худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрт нэгдэн орсон улсын нэг бөгөөд худалдааны бодлого боловсруулахдаа боловсон хүчнийг чадвахжуулахад анхаарах шаардлагатай. Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт Монголын эдийн засгийг өргөжүүлэх, төрөлжүүлэх экспортыг дэмжих зорилготой нийцсэн төсөл юм. Төслийн хугацаанд бүх төрийн байгууллагуудын худалдааны уялдаа холбоог сайжруулах, МҮХАҮТ-д хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах, тэдгээрийн чадавхийг сайжруулах ажлууд хийгдэнэ" гэсэн юм.  

Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ