Зохисгүй үед антибиотик удаан хугацаагаар хэрэглэх нь аюултай

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
172@montsame.mn
2018-03-28 10:41:02
МОСКВА. /РИА Новости/. “Антибиотикуудыг зохисгүй үед удаан хугацаагаар хэрэглэх нь вирусын халдвар даамжирч, хүндрэл үүсэхэд хүргэж болзошгүй байдаг” гэж биологичид үзэж байгаа тухай РИА Новости агентлаг мэдээлэв.
 
Шинжлэх ухааны “Cell Reports” сэтгүүлд эрдэмтдийн нийтэлсэн өгүүллэгт тэмдэглэснээр, “Ходоодонд нь эрүүл бичил организмуудын нэгдэл байхгүй бол хүний хийгээд сүүн тэжээлт амьтдын дархлааны тогтолцоо огт өөрөөр ажилладаг. Хэрэв хэн нэгэн нянгийн халдвар авсан бол мэдээж хэрэг антибиотик хэрэглэх хэрэгтэй. Гэхдээ ноцтой сөрөг нөлөөнүүд, түүний дотор бие махбодийн вирусын эсрэг тэмцэлд үзүүлэх сөрөг нөлөө байдгийг ойлгох хэрэгтэй” ажээ.
 
Боловсролтой хүмүүс болон эмч нар вирусын халдвар даамжирсан үед антибиотик хэрэглэх нь үр дүнгүй гэдгийг сайн мэддэг. Вирусууд нь үржин тархахдаа хүний уураг болон эд эсийн бусад бүрдэл хэсгүүдийг ашигладаг болохоор антибиотикууд огт үйлчилдэггүй бөгөөд хүнийг үхэлд хүргэх аюултай байдаг аж.
 
Гэсэн хэдий ч вирусын гаралтай өвчний үед хүмүүс өөрсдөө антибиотик хэрэглэдэг ба эмч нар ч нянгийн халдвар даамжрах болон дахин халдварлахаас сэрэмжлэх үүднээс ийм эм бичиж өгдөг. Эрдэмтдийн үзэж байгаагаар энэ нь алдаатай бөгөөд хүний эрүүл мэндэд аюултай хандлага ажээ.
 
Лу.Батбаяр

Холбоотой мэдээ