Х.Нямбаатар: Мэдээлэл батлагдвал шүүх засаглал бүхэлдээ шинэчлэгдэж, ШЕЗ огцрох ёстой

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-03-27 13:34:22
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Б.Энх-Амгалан, Л.Оюун-Эрдэнэ нар Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүхээс ирүүлсэн мэдэгдэлтэй холбогдуулан мэдээлэл хийв. 

Гишүүд өнөөдрийн мэдээллээр гурван асуудалд тайлбар өгөхөө тодотгоод, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “2018 оны 3 дугаар сард нэр бүхий УИХ-ын гишүүд "Эрдэнэт" үйлдвэрийг Стандарт банкинд барьцаалж зээл авсан эсэх асуудлаар Монгол төр хариуцлага хүлээх, бусдад төлбөр төлөх эсэх асуудлаар Засгийн газарт асуулга тавьсан. Тухайн үед бид хариултаа аваад хэвлэл мэдээллээр олон нийтэд хүргэсэн. Үүнтэй холбоотой баримтуудтай танилцаж байх явцад бидэнд олон мэдээ мэдээлэл олдсон. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрүүд хууль бусаар гарч байна, төр дандаа хохирлыг нь хүлээж байна, цаашлаад зүгээс шүүх хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн талд шийдвэр гаргаж байна гэдэг асуудлыг олон нийтийн зүгээс хүчтэй тавьсан. Энэ цаг үед бидний хэсэг гишүүд хамтдаа МАН-ын дэргэдэх "Шинэ дэвшилтэт холбооны талаар Л.Оюун-Эрдэнэ гишүүн ярина. Харин миний зүгээс шүүгч нартай холбоотой асуудлаар надад ирсэн мэдэгдлийн талаар тайлбар хийнэ" хэмээсэн юм. 
Тэрбээр цааш нь "Миний бие C1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт энэ сарын 12-нд оролцож, шүүх засаглал ялзарсан асуудлыг ярьсан. Үүнд ШЕЗ, Улсын дээд шүүх ихэд эмзэглэж, надад мэдэгдэл хүргүүлсэн. Мөн ШЕЗ-өөс шүүгч нарын Хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргаж тавьсан ч 30 минутын дараа буцаан хаасан. Дээрх ярилцлагатай холбоотой ШЕЗ-өөс намайг уг мэдээллийнхээ холбогдох баримтуудыг эрх бүхий байгууллагад гарган өгч шалгуулах шаардлага албан бичгээр ирүүлсэн.Тэр дундаа "Таван настай хүүхдийнх нь дансанд 500 сая, өөрийнх нь дансанд 1 тэрбум төгрөгийн хадгаламжтай шүүгч байна” гэдгээ нэр устай нь зарла гэсэн. Энэ асуудлыг албажуулаад өнөөдөр Улсын ерөнхий прокурорт хүргэнэ. Бага насны хүүхдийн нэр, дансыг ил болгож болохгүй. Тиймээс таван настай хүүхдийн дансанд их хэмжээний мөнгөн хөрөнгө хадгалагдаж байсан талаарх мэдээллийг бид тусгайлан битүүмжилсэн дугтуйнд хийж Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ. Бид хүүхдийн эрхийг хүндэтгэх учиртай. Хүүхдийн эрхийн тухай олон улсын конвенцид Монгол Улс нэгдэн орсон байдаг. Ашиг сонирхлын зөрчил бүхий мэдээллийг УЕП, АТГ шалгах үүрэгтэй" хэмээсэн юм. 
Мөн тэрбээр 2010-2012 онд Ашигт малтмалын газраас хүчингүй болгосон лицензийг хууль бус эвлэрэл буюу хууь бус шийдвэрээр эргээд сэргээх шийдвэр гаргасан 36 ААН-ийн лизензтэй холбоотой шийдвэр гаргасан 22 шүүгч, түүнтэй хамаарал бүхий этгээдүүдийн хөрөнгийн хөдөлгөөнийг шалгаж олон нийтийн эргэлзээг тайлж өгөхийг УЕПГ-аас хүсч буйгаа мэдэгдэв. Хэрэв шүүгч нартай холбоотой мэдээлэл батлагдвал шүүх засаглал бүхэлдээ шинэчлэгдэж, Шүүхийн ерөнхий зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой, ингэж байж шинэчлэл бодит утгаараа хэрэгжинэ гэдгийг хэлж байв. 
"Бидний судалснаар лиценз эзэмшигч нь" мэдэгдлийг гардаж аваагүй, эзгүй  байсан" гэсэн үндэслэлээр ихэвчлэн лицензийг нь сэргээсэн байдаг. Энэ нь адаг сүүлдээ Ашигт малтмалын газар  шүүхийн шийдвэр  харгалзахгүйгээр өөрсдөө дур мэдэн лицензийн эрхийг сэргээсэн практик тогтсон байна. Бид цөөхүүлээ, харин шүүгч нартай холбогдсон үйдэл олон байгаа учраас баримт нотолгоотой хандана. Ихэнх шүүгч нар Туул голын орчимд Ривер Гарденд амьдарч байгаа. Бид Хөрөнгө орлогын мэдүүлгүүдээс харахад ихэнх нь энийгээ дурдаагүй байна лээ. Эсвэл зарим нь түрээсийн орон сууцанд амьдраад байгаа юм уу. Энэ тал дээр хамт оршин сууж байгаа хүмүүс нь бидэнд мэдээлж өгнө үү. Ривер Гардены орон сууцууд ихэвчлэн тэрбум төгрөгөөс дээш үнэтэй байдаг. 3 сая төгрөгийн цалинтай манай шүүгч нар цалингаа огт үрэхгүй 30-40 жил цуглуулж байж ийм орон сууц авна шүү. Энэ бол зүгээр энгийн арфметик шүү" гэлээ.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "Бид Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар бүгдийг нь баримт тулгуурлаж ярина. Хадгаламж банкнаас гаргасан Ш.Батхүү, Эбвард Сүрэн нарын зээлийн гэрээнд баталгаа гаргасан байдаг. Гэтэл Хадгаламж банк тухайн үед энэ их өндөр дүнтэй гэрээнд баталгаа гаргах эрхгүй байсан. Архивын ерөнхий газраас гэхэд л тус зээлийн гэрээ нь Хадгаламж банкны эрх хүлээн авагчийн архивын материалд байхгүй байна гэсэн албан бичиг гаргаж Төрийн банкинд мэдэгдсэн. Тэгэхээр энэ гэрээ нь хуурамч гэрээ байна гэж хардах үндэслэлтэй. 30 тэрбум төгрөгийн зээлийг сарын хоёр хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулсан байгаа юм. Гэтэл энэ гэрээг байгуулахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй. Хадгаламж банк Төрийн банк руу шилжих үед зээл гаргаж авах гэж хуурамч гэрээ байгуулсан эсэхийг УЕПГ-аар шалгуулна. Хэрэв хуурамч нь тогтоогдвол хариуцлагаа хүлээж, төрийг хохиролгүй болгох ёстой" хэмээв. 
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Мөсөн уулын оройг бус суурийг нь олж харах ёстой. Тиймээс бид бодит мэдээллийг гаргаж өгөхөөр хичээж байгаа юм. Шударга ёс гэдэг бол шударга шүүх. Гэтэл судалгааны байгууллагаас гаргасан дүгнэлтэд Монгол Улсад шударга ёс алдагдсан гэдгийг 80-аас дээш хувь нь гаргаж байгаа. Тиймээс сандралдаад байлгүй шүүгч нар өөрөө энэ тогтолцооны ялзралаа арилгахын төлөө ажиллах ёстой" хэмээв.

 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ