Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан И Мён Бак байцаалт өгөхөөс татгалзжээ

ДЭЛХИЙД | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-03-26 12:46:09
СӨҮЛ. /Ёнхап/. Авлигын хэргээр өнгөрөгч долоо хоногт баривчлагдсан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан И Мён Бак прокуроруудад байцаалт өгөхөөс татгалзаж буйгаа өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдсэн тухай тус улсын “Ёнхап” агентлаг мэдээллээ.

Авлига авсан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, компанийнхаа мөнгийг завшсан зэрэг хэргээр И Мён Бакийг өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт баривчлан саатуулсан юм.

Түүний өмгөөлөгч өнөө өглөө сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “Ерөнхийлөгч асан И Мён Бак прокуроруудад байцаалт өгөхгүй гэдгээ надад өчигдөр мэдэгдсэн. Түүний байр суурийг би прокуроруудад уламжилсан. Хууль шүүхийнхэн шударгаар шүүнэ гэдэгт тэрбээр эргэлзэж байна” гэжээ.

Энэ мэдэгдлийн дараа прокурорууд мэдэгдэл хийхдээ “Бид өнөөдөр үдээс хойш цагдан хорих төв дээр биечлэн очиж, түүнээс байцаалт авах болно” гэсэн байна.

Өдгөө 76 настай И Мён Бакийг нууцаар эзэмшдэг байсан компаниасаа 35 тэрбум вон буюу 32 сая ам.долларыг завшиж, татвараас зайлсхийсэн гэж буруутгаж байгаа аж. Мөн авлига авсан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, сонгуулийн тухай хууль зөрчсөн зэрэг 12 зүйл ангиар түүнийг яллаж байна.

И Мён Бак нь 2008 оноос 2013 оны эхэн үе хүртэл Өмнөд Солонгосын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. Үүнээс өмнө тэрбээр Сөүл хотын дарга, хууль тогтоогч, “Hyundai Engineering and Construction” барилгын компанийн гүйцэтгэх захирал зэрэг албан тушаалыг хашиж байжээ.
Г.Доржханд

Холбоотой мэдээ