Малаа байнга тэжээж байгаагаас бэлтгэсэн өвсөө дуусчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-03-25 16:55:04
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Дашинчилэн суманд цас их унаж, бэлчээр хомсдсоноос малчид зарим малаа байнга тэжээж, бэлтгэсэн өвс, тэжээлээ дууссан байна.
-Сумын аюулгүй нөөцөд 122,1 тонн өвс, 27,3 тонн тэжээл нөөцөлсөн. Нөөцийн өвсийг худалдан борлуулж, нөхөн хангалт хийлээ. Нөөцөд 39,5 тонн өвс байна. Цаашид 5000 боодол өвс, 50 тонн тэжээл шаардлагатай гэж тус сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн С.Давааням мэдээллээ.
Тус сумын малчид Засгийн газар, ХХААЯ-наас зохион байгуулж байгаа “Өвөл хаврыг өнтэй давья” аяны хүрээнд ноосны урамшууллаар 10 тонн хивэг, 120 тонн хорголжин тэжээл авч малаа тэжээжээ.
Нийт 226,0 мянган толгой мал онд орсноос өөрийн аймгийн  бусад суманд 20 өрхийн 13,7, бусад аймгийн нутагт 22 өрхийн 8,4 мянган толгой мал хаваржуулж байна. Он гарсаар нийт мал сүрийнхээ 1,0 хувь буюу 2300 гаруй толгой мал хорогдуулжээ.
М.Батжаргал

Холбоотой мэдээ