Он гарсаар галзуу өвчний 20 тохиолдол бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-03-21 10:15:39
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Он гарсаар Говь-Алтай аймгийн хэмжээнд мал, амьтны галзуу өвчний 20 тохиолдол гарсан тухай аймгийн Хүнс хөдөө аж ахуйн мал эмнэлгийн үржлийн албанд бүртгэгдсэн байна. 
Оны эхний хоёр сарын байдлаар Баян-Уул, Цогт, Цээл, Алтай сумдад илэрсэн бол хамгийн сүүлд аймгийн төв Есөнбулаг сумын Баяншанд багийн 7 дугаар гудамжны 39 тоотын урд жалганд 2 үнэг, 1 хярс үхсэн байна гэсэн мэдээлийн дагуу тус сумын хувийн хэвшлийн малын эмч газар дээр нь очиход хоёр үнэгийг нь мотоцикльтoй залуу аваад явсан гэж ойр хавийн иргэд мэдээлсэн байна. Харин үхсэн хярсыг аймгийн ХХААГ-ын мал эмнэлгийн ариун цэврийн лабораторид хүргүүлэн шинжлэхэд галзуу өвчин оношлогдон баталгаажжээ.
Одоогоор дээр дурдагдсан эрсдэл бүхий сумдын 9 гаруй мянган малыг галзуугийн вакцинд хамруулсан байна.
Тус өвчин нь хавар, намрын улиралд мал, амьтны дархлаа сулрах үеэр идэвхждэг Зоонозын төрлийн мал, амьтнаас хүнд халдварлах аюултай тул ард иргэдийг энэ улиралд тэжээвэр амьтнаа тарилга туулганд хамруулж, сонор сэрэмжтэй байхыг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас анхаарууллаа. 
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ