Дулаан дамжуулах төвийн барилгын газрыг шийдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-03-19 14:08:15
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт дулааны станц барихад зориулж 2013 онд 2 га газрыг үйлдвэрийн районд шийдвэрлэсэн байдаг. ТЭЗҮ боловсруулах явцад дулаан дамжуулах төвийн барилгыг барих шаардлагатай болсон ба дулаан дамжуулах төв барих 18 байршил бүхий газрыг аймгийн ИТХ-ын хурлын ээлжит бус хуралдаанаар аймгийн 2018 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлтээр оруулж  баталлаа. 

БНСУ-ын хөрөнгө оруулалтаар аймгийн төвд 31.4 мегаватын хүчин чадалтай Дулааны станц барихаар төлөвлөж, энэ онд БНСУ-ын болон Эрчим хүчний яамны мэргэжлийн баг Архангайд ирж, газар дээр нь үзэж танилцан, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажил эхэлжээ.  

Аймгийн төв Эрдэнэбулган суманд өнөөдрийг хүртэл Эх голомтын илч ХХК-ийн 14 уурын зуух ажиллаж, 103 иргэн, аж ахуйн нэгж байгууллага, 35 нийтийн орон сууцуудын 1300 айл өрхийг дулаанаар ханган ажиллаж байна. Сүүлийн таван жил орон сууцууд эрчимтэй баригдаж байгаатай холбогдуулан дулааны ачаалал эрс нэмэгдэж, мөн уурын зуухнуудын хүчин чадлыг нэмэгдүүлж байгаа ч агаарын бохирдол тэр хэмжээгээр нэмэгдэж байна.

Дулааны станц баригдаж ашиглалтад орсноор Эрдэнэбулган сумын утааны асуудал шийдэгдэж агаарын бохирдол буурах, орон сууц болон бусад барилга байгууламжууд 24 цагийн хэрэглээний халуун устай болж иргэдийн ажиллаж, амьдрах таатай орчин бүрдэх, дулааны хүчин чадал харгалзахгүйгээр шинээр үйлдвэрлэлийн барилга байгууламж барих, орон сууцны барилгын тоог нэмэгдүүлэх, гэр хорооллын айл өрхүүд дулааны төвлөрсөн шугаманд холбогдох таатай нөхцөл бүрдэх ба ажлын байр шинээр нэмэгдэх зэрэг чухал ач холбогдолтой юм.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ