Хятадын ядууралтай тэмцэх ажил нь дэлхий даяар хүний эрхийг хөхиүлэн дэмжихэд тус болж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2018-03-18 13:49:44
БЭЭЖИН. /Синьхуа/. БНХАУ-ын эрх баригчид саяхан болж өнгөрсөн хууль тогтоох дээд байгууллага буюу Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын жил тутмын ээлжит чуулганы үеэр энэ онд хөдөө орон нутгийн 10 сая хүнийг ядуурлаас гаргахаа амласан билээ.

Энэхүү амлалт нь өнгөрсөн таван жилийн хугацаанд 68 сая гаруй иргэнээ ядуурлаас гаргаж чадсан Хятад улс ядууралд цэг тавихыг чин сэтгэлээсээ эрмэлзэж, уйгагүй хүчин чармайлт гаргаж буйн илрэл юм гэж ажиглагчид үзэж байна гэж Синьхуа” агентлаг мэдээлэв.

Одоогоос бараг 40 жилийн өмнөөс шинэчлэл, нээлттэй бодлого хэрэгжүүлж эхэлснээсээ хойш Хятад улс нь АНУ, Орос, Япон болон Германы хүн амыг нийлүүлснээс ч олон буюу 700 сая гаруй хүнийг ядуурлаас гаргаад байна. Өөрөөр хэлбэл, тус улс дэлхийн ядууралтай тэмцэх хүчин чармайлтад хамгийн их хувь нэмэр оруулжээ.

Үүнээс гадна Хятад улс нь дэлхийн нийгмийн хамгааллын хамгийн том системийг бий болгож, ядуурлын түвшинг 3.1 хувьд хүргэж бууруулж чадсанаараа НҮБ-ын Мянганы хөгжлийн зорилтод хүрсэн анхны улс болж байна.

Ядууралтай тэмцэхэд Хятад улсын гаргасан ололт амжилт нь тус улс дотооддоо төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгийн хэмжээнд хүний эрхийг хангах хамгаалах чиглэлээр ихээхэн хувь нэмэр оруулж байгааг илтгэн харуулж байгаа юм.

Өнөөдөр, ядуурал нь хүний эрхийг хангах хамгаалахад тулгарч буй хамгийн том сорилтуудын нэг, үгээгүй ядуурлыг арилгах нь олон улсын хамтын нийгэмлэгийн гол зорилтуудын нэг хэвээр байна.

Хүн амынхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг Хятад улс нь сүүлийн жилүүдэд эдийн засгийн хөгжлийн хувьд гайхамшигтай амжилт гаргаж чадсан хэдий ч өнгөрсөн оны эцсийн байдлаар тус улсад ядуурлын босгоос доогуур орлоготой 30 сая орчим хүн байжээ. Тиймээс Хятад улсын Засгийн газар ард иргэдийнхээ амьжиргааны түвшинг дээшлүүлэх, хөгжлийг хөхиүлэн дэмжихийг эн тэргүүний зорилтоо болгож, эдгээр асуудлыг Үндсэн хуульдаа тусгаж өгөөд байна.

2020 он гэхэд хөдөө орон нутагтаа үгээгүй ядуурлыг үндсээр нь устгах зорилгодоо хүрэхийн тулд Хятад улс ядууралд хүргэж буй хүчин зүйлсийг судлах, хөгжил буурай газруудад очин нөхцөл байдалтай биечлэн танилцахыг бүх шатны холбогдох албаны хүмүүст үүрэг болгоод байна. Мөн өрх бүр, өрхийн гишүүн бүрт ядуурлыг бууруулах төлөвлөгөөг холбогдох албаны хүмүүс танилцуулж, зөвлөгөө өгч байна. Түүнчлэн ядууралтай тэмцэх кампанит ажлыг хариуцан хэрэгжүүлж буй хүмүүс хариуцлага алдсан тохиолдолд хатуу шийтгэл ногдуулж байгаа аж.

Хятад улсын ядууралтай тэмцэх арга барилыг дэлхий нийт шагшин магтацгааж, үлгэр дууриал авч байна.
Дэлхийн улс орнууд ядууралтай хэрхэн тэмцэж, хэр ахиц дэвшил гаргаж буйг Дэлхийн банк Хятадын Засгийн газрын хамт нэг жилийн хугацаанд судалсныхаа дараа буюу 2016 онд мэдэгдэл хийхдээ “Хятад улс өнгөрсөн 25 жилийн хугацаанд ядуурлыг бууруулахад хамгийн их ахиц дэвшил гаргаж чадсан” гэжээ. Мөн Хятадын ядуурлыг бууруулахад гаргасан ололт амжилтын талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш өнгөрсөнд онд үг хэлэхдээ “Сүүлийн 10 жилийн хугацаанд Хятад улс дэлхийн ядуурлыг бууруулахад хамгийн их хувь нэмэр оруулсныг бид мартах учиргүй” гэсэн юм.

Хятад улс ядуурлыг ялахын төлөө уйгагүй тэмцэж, хөгжлийн үр шимийг хүн бүрт хүртээж чадах нийгмийг бий болгохыг зорьж байна. Хятад улсын дарга Ши Жиньпиний хэлсэнчлэн, бүх нийтийрээ хөгжиж цэцэглэх зорилтод хүрэх замаас хэн ч ухарч, бас орхигдох ёсгүй.

Г.Доржханд

Холбоотой мэдээ