Хоёр Солонгос дээд хэмжээний уулзалт хийхээр бэлтгэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-14 15:22:44
СӨҮЛ. /ТАСС/. Өмнөд Солонгос болон Умард Солонгос улс ирэх сарын сүүлээр болох хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтад бэлтгэж байгаа тухай Улс орноо нэгтгэх яамны төлөөлөгч Пэк Тэ Хён сэтгүүлчдэд зориулсан ээлжит хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.
 
“Солонгос хоорондын дээд хэмжээний уулзалтад бэлтгэхээр талууд харилцаа холбоотой ажиллаж байна. Уг асуудлыг эрхэлсэн зохих хороог эцэслэн байгуулсны дараа энэ уулзалтыг зохион байгуулах ажил идэвхтэй явагдаж эхэлнэ” хэмээн Пэк Тэ Хён ярьсан байна.
 
Хоёр Солонгосын харилцааг сайжруулах хийгээд Умард Солонгос болон АНУ хоорондын яриа хэлэлцээг бэхжүүлэх зорилгоор Өмнөд Солонгосын төлөөлөгчид энэ сарын 5-нд Умард Солонгост айлчилсан юм. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэсний аюулгүй байдлын газрын дарга Чон Ый Ён болон Үндэсний тагнуулын албаны захирал Со хун нар багтсан билээ. Өмнөд Солонгосын төлөөлөгчид Умард Солонгост айлчлах үеэрээ тус улсын удирдагч Ким Жөн Унтай Хөдөлмөрийн намын төв байранд 4 цагийн уулзалт хийсэн юм.
 
Айлчлалын үеэр ирэх сарын сүүлээр Пхеньянд хоёр Солонгосын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтыг хийхээр тохиролцсон юм. Түүнчлэн Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох болон хоёр улсын харилцааг хэвийн болгох асуудлаар АНУ-тай яриа хэлэлцээ хийж эхлэхэд бэлэн буйгаа Умард Солонгосын тал илэрхийлсэн билээ. Мөн АНУ-тай яриа хэлэлцээ хийх үеэрээ пуужин болон цөмийн хөтөлбөрөө зогсоохоо Умард Солонгос амласан юм. 
 
Д.Трамп Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай энэ оны тавдугаар сард багтан уулзахад бэлэн байгаа тухай Чон Ый Ён өнгөрсөн пүрэв гарагт мэдэгдсэн билээ. Харин өнгөрсөн баасан гарагт Цагаан ордны хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Сара Сандерс мэдэгдэхдээ “Умард Солонгос цөмийн хөтөлбөрөө хумих зорилгоор тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх хүртэл Д.Трамп болон Ким Жөн Ун нарын уулзалт болохгүй” гэсэн юм.  
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ