МСНЭ-ийн Ерөнхийлөгч Дорноговьд ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-03-14 14:16:42
Дорноговь /МОНЦАМЭ/. МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, орон нутаг хариуцсан дэд Ерөнхийлөгч А.Батбаяр нарын бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг гуравдугаар сарын 12-нд Дорноговь аймагт ажиллалаа.
Монголын сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэл хоёрдугаар сарын эхээр болсон XVII их хурлаараа бүтэц бүрэлдэхүүн, удирдлагаа шинээр сонгож, дүрмээ шинэчилсэн бөгөөд шинэ мөрийн хөтөлбөр үзэл санааг дэвшүүлэн ажиллаж байгаа юм.
Дорноговийн ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болсон олон сэтгүүлч цугларч салбарынхаа шинэ удирдлагатай уулзаж орон нутгийнхаа нөхцөл байдал, салбарын хөгжил, тулгамдсан асуудлын талаар санал солилцож, харилцан ярилцлаа.
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Мандахбаяр “Эрхэм сэтгүүлчид та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихдээ миний бие орон нутгаас ажлаа эхэлнэ гэж хэлсэн. Тиймээс эх орныхоо  зүүн бүс Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгаас эхлэн нар зөв тойрч Говьсүмбэр, Дорноговь гэсэн маршрутаар долоо дахь аймагтаа ажиллаж байна. Та бүхэнд би өөрийн дэвшүүлсэн, хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гол ажлуудаас тоймлож мэдээлэл хүргэе. Монголын сэтгүүл зүйн салбар үндсэн ажлаа өнгөрсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн. Харин санхүү хангамж, эдийн засгийн асуудлаа орхигдуулж ирсэн юм. Тиймээс салбарын бодлого үйл ажиллагаагаа “50*50” гэсэн зарчмаар явуулах нь зүйтэй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл сэтгүүл зүйн ажлаа 50 хувь, санхүү, эдийн засгийн боломжоо  мөн л 50  хувиар хувиар дээшлүүлж ажиллана гэсэн үг. Төсөл хөтөлбөр хэрхэн бичих, олон улсын хөрөнгө оруулалтыг хэрхэн татах талаар шат дараатай сургалт, семинарыг зохион байгуулна.
Санхүүгийн асуудлаа цэгцэлж чадвал сэтгүүл зүйн салбар хараат бусаар ажиллах боломж бүрдэх юм. Дараагийнх нь хууль эрх зүйн асуудал. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг “Лобби” бүлэг байгуулж УИХ-аар батлуулах, зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг батлуулах гээд ажил бий.
Мөн сэтгүүлчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, орон сууцаар хангах ажлыг шат дараатай шийдвэрлэнэ. Орон нутаг дахь салбар зөвлөлүүдийн тамга тэмдэг, данс тооцоог шинэчилнэ.Улирал бүр тайлан балансаа гаргадаг тотголцоо руу шилжих, мөн сэтгүүлч солилцооны арга хэмжээг зохион байгуулна. Цаашдаа нэгдсэн зохион байгуулалтад орж ажиллана” гэв.
Тэрээр Дорноговь аймгийн салбар зөвлөлд иж бүрэн комьпютер гадуулсан бөгөөд үйл ажиллагаа явуулах байртай болоход нь дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Энэ үеэр Дорноговийн сэтгүүлчид салбар зөвлөлөө шинэчилж дарга, тэргүүлэгч, хяналтын зөвлөлөө дахин сонгосон. МСНЭ-ийн Дорноговь аймаг дахь салбар зөвлөлийн даргаар МОНЦАМЭ агентлагийн Дорноговь аймаг дахь сэтгүүлч Х.Эрдэнэбулган сонгогдсон бол Хяналтын зөвлөлийн даргаар сэтгүүлч А.Байгалмаа сонгогдов.
Уулзалтад 20 гаруй сэтгүүлч уран бүтээлч оролцлоо. 
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ