МСҮТ-д суралцах оюутны тоо сүүлийн хоёр жилд буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2018-03-14 13:55:48
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас "Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлого, үйл ажиллагаа" зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр "Holiday Inn" зочид буудалд зохион байгууллаа.

Улсын хэмжээнд 90 орчим мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх байгууллага байгаагаас өнөөдрийн байдлаар 83 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрт энэ хичээлийн жилд нийт 190 мэргэжлээр 35.800 суралцагч суралцаж байгаа аж.  Мөн МСҮТ-үүдэд нь нэг хичлээлийн жилд дунджаар 22 мянга гаруй элсэгчийг хүлээн авдаг байсан бол энэ тоо сүүлийн хоёр жилд буурсан үзүүлэлт үзүүлэх болжээ.


Үүнийг оюутнуудад олгодог тэтгэлгийг зогсоосонтой холбон тайлбарлаж болох аж. Засгийн газрын 2008 оны 30 дугаар тогтоолоор “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гаас МСҮТ-д сурдаг хүүхдүүдэд сард 45 мянган төгрөгийг өгч байхаар тогтжээ. Энэхүү тэтгэлгийг хожим нь 70 мянга төгрөг болж нэмэгдүүлсэн ч 2016 оноос тэтгэлгийг зогсоосон юм. Түүнчлэн сүүлийн жилүүдэд их дээд сургуулиудад орох элсэгчдийн босго оноог бууруулсан нь дээрх сургалтад хамрагдах элсэгчдийн тоо бууруулах шалтгаан болсон гэж уулзалтад оролцогчид дурдаж байв. Тиймээс энэ мэт асуудлыг цаашдаа Засгийн газрын түвшинд авч хэлэлцэж шийдэх ёстой гэж салбарын төлөөллүүд үзэж байгаагаа хэллээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, “Тус байгууллагыг хөгжүүлэхэд хэд хэдэн арга хэмжээ авах хэрэгтэй. Нэгдүгээрт одоогийн байгаа бүтэц, удирдлагын тогтолцоог шинэчлэн яаманд мэргэжил, боловсрол сургалтын байгууллага хариуцсан мэргэжилтний орон тоог бий болгох, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтарч их дээд сургуулиудад элсэх босго оноог өндөрсгөх тухай яриа хэлэлцээг хийх нь зүйтэй. Нөгөөтэйгүүр тус төвд суралцаж мэргэжилтэй болсон төгсөгчдийн мэдлэгийг нь дүйцүүлэх замаар их дээд сургуульд элсэн суралцах нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй” гэлээ.

 
Д.Сарантуяа
Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ