Шүдэн уулын олдворыг шинэ нээлт болж болзошгүй гэж судалгааны багийнхан онцолжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-03-14 12:14:21
Увс /МОНЦАМЭ/. Давст сумын нутаг дахь давсны уурхайгаас өнгөрсөн нэгдүгээр сарын 4-нд эртний хүний занданшуулсан шарил олдсон талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Шүдэн уулын давсны уурхайгаас олдсон уг булшийг орон нутгийн хамгаалалтанд аваад байсан юм. Тэгвэл саяхан ШУА-ын Түүх археологийн хүрээлэнгийн Соёлын өвийн үндэсний төвөөс томилогдсон судалгааны багийнхан уурхайд ирж ажилласан бөгөөд энэ тухай тайлангаа ирүүлсэн байна.
Археологийн багийнхан шарилыг нарийвчлан судалж үзэх шаардлагатай гэж үзсэн ба сайтар судалсныхаа дараа дүгнэлт гаргах боломжтой гэжээ. Учир нь уг шарил манай улсын шинжлэх ухааны салбарт шинэ нээлт ч болж болзошгүй гэдгийг судалгааны багийнхан онцолсон байна. Хөдөлмөрийн багаж зэмсэгтэйгээ, давсны уурхайн олборлолттой холбоотой олдвор урьд өмнө нь манай улсын нутаг дэвсгэрээс төдийлөн олдож байгаагүй аж. Харин дэлхий дээр Австрийн нутаг дэвсгэрээс олдсоныг Венийн музейд Альпийн нуруунаас олдсон Давсан хаант улсын үеийн олдвор нэртэйгээр хадгалж байдаг аж.
Уурхайн давсны үений дээд тал буюу газрын гадаргаас 5-6 метрийн гүнээс олдсон хөдсөн дээлтэй уг шарилыг адууны дэл, сүүлээр ороосон байжээ. Дэргэдээс нь модон хүрз, ойл зэрэг багаж олноороо олдсоныг аймгийн Цагдаагийн газрынхан баримтжуулан зургийг нь авч баталгаажуулаад байсан юм.
Б.Батхүү
Холбоотой мэдээ