Дархан хотын 14 сургууль “Шилэн сургууль” болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-24 17:40:06

Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболдын санаачлагаар тус аймгийн ерөнхий боловсролын бүх сургуулиудын багш, сурган хүмүүжүүлэгч, сургалтын менежер, удирдлагууд болон эцэг эхчүүдэд мэдээлэл солилцоход зориулсан “Шилэн сургууль” системийг аймгийнхаа төрийн өмчийн ерөнхий боловсролын 14 сургуульд  нэвтрүүлэхээр бэлтгэж байна.

Багш бүр зөөврийн компьютертэй болсон энэ цаг үед уг программыг ашигласнаар цаг тухай бүрт оруулсан мэдээллийг тухайн агшинд эцэг эх асран хамгаалагч нар шууд харах боломжтой. Түүнчлэн багшийн үйл ажиллагааг хялбар болгосноор сурагчдад зарцуулах цаг нэмэгдэх боломжтой гэнэ. Энэ төрлийн программ хангамж нь Япон, Солонгос, Америк, Финланд зэрэг олон улсад туршигдаж үр дүнгээ өгсөн систем юм. Энэ сарын 25, 26-ны өдрүүдэд “Нобу” компани Дархан-Уул аймгийн ЕБС-иудын багш нарт сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулахаар болжээ.

Сургалтад аймгийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын менежер, “Багш хөгжлийн төв”-ийн болон мэдээллийн технологийн бүх багш нар нийт 78 хүн хамрагдаж сургагч багшаар бэлтгэгдэж цаашид өөрийн сургуулийн багш нарт программыг нэвтрүүлэх сургалт явуулж энэ системийг хэрэгжүүлэх юм. Аймгийн төрийн өмчийн сургуулиуд систем нэвтрүүлэх ажлын бэлтгэлийг хангаж дуусаад 11 дүгээр сарын 30-нд бүх сургуулиуд уг системийг нэвтрүүлснээ зарлаж нээлтээ хийхээр төлөвлөжээ.

Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ