Зүүн Гута руу хүмүүнлэгийн тусламжийн цуваа илгээхийг түр зогсоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-05 16:15:28
МОСКВА. /ТАСС/. Сирийн Зүүн Гутад хүмүүнлэгийн тусламжийн цуваа илгээхийг НҮБ түр зогсоосон тухай тус байгууллагын төлөөлөгч мэдэгдсэнийг “Ройтерс” агентлаг уламжлав.  
 
ТАСС агентлагийн мэдээлснээр, “Өнөөдөр Зүүн Гутад хүмүүнлэгийн тусламж хүргэх автомашины цувааг илгээх боломжгүй боллоо. Гэсэн хэдий ч боломж гарсан даруйд бид тусламж үзүүлэх байнгын бэлэн байдалд байна” гэж НҮБ-ын төв аппаратын төлөөлөгч мэдэгдсэн байна.
 
Хүнсний бүтээгдэхүүн, хүүхдийн хоол тэжээл бүхий хүмүүнлэгийн тусламж хүргэх автомашины цувааг Дума хотод илгээнэ гэж өнгөрсөн бямба гарагт НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч Гердт Каваллари мэдэгдэж байсан юм.
 
Сирийн сөргөлдөгч талуудыг эвлэрүүлэн зохицуулах Оросын төвийн төлөөлөгч, хошууч генерал Владимир Золотухины мэдэгдсэнээр, энэ сарын 4-нд Дума хотод хүргэхээр төлөвлөж байсан НҮБ-ын хүмүүнлэгийн цувааг тасалдуулах зорилгоор "Жебхат ан-Нусра" бүлэглэлийн террористууд өдөөн хатгасан ажиллагаа явуулахаар бэлтгэж байгаа тухай мэдээлэл Сирийн тагнуулын газарт ирсэн байна.
Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ