“Mongolia Mining 2018” форумаар өнгөт металын сэдвийг онцолно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
ariunzaya@montsame.mn
2018-03-01 18:47:58
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Дэлхийн технологи дэргэд ирлээ” уриатай олон улсын “Mongolia Mining 2018” үзэсгэлэн найм дахь жилдээ ирэх дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт  Буянт-Ухаан цогцолборт зохион байгуулах юм байна. 

Үзэсгэлэнгээр дэлхийн улс орнуудын уул уурхайн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техникийг танилцууна. Энэ жил тогтмол оролцогч түнш орнууд болох Хятад, Орос, Чех, Австрали, Казахстан, Швед, Япон, Герман, Өмнөд Солонгос, Франц, Канадын компаниуд багтсан 120 гаруй аж ахуйн нэгж оролцохоо мэдэгджээ.

Оролцогч компаниудын тоо энэ жил  мэдэгдэхүйц нэмэгдсэн ч тэр дундаа Канад, Чех, Английн компаниудын оролцоо өссөнийг зохион байгуулагчид нь хэллээ. Мөн үзэсгэлэнг зорин ирэх хөрөнгө оруулагчид, ханган нийлүүлэгчид болоод бусад зочдод Монголын эрдэс баялгийн салбарын мэдээллийг бүрэн хүргэх аж. Тодруулбал төрийн бодлогын  талаар хэлэлцүүлэг явуулахын зэрэгцээ уул уурхайн салбарын компаниуд илтгэл тавих юм байна. Жилээс жилд өргөжин тэлж буй тус үзэсгэлэнд уул уурхай төдийгүй зам, барилгын салбарынхан  оролцож, харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, бизнесээ тэлэх нөхцөл бүрджээ.

“Mongolia Mining” үзэсгэлэнгийн энэ удаагийн форумаар өнгөт металын сэдвийг онцлох юм байна. Монголын уул уурхайн хамгийн том үзэсгэлэнгээр хүлээн зөвшөөрөгдсөн “Mongolia Mining” арга хэмжээний Ерөнхий Ивээн тэтгэгчээр Трансвест Монголиа ХХК Алтан ивээн тэтгэгчээр Английн Уул Уурхайн Ассоциаци ажиллах бол хүлээн авалтын ивээн тэтгэгчээр “Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК ”ажиллах аж.
Холбоотой мэдээ