У.Хүрэлсүх: Улсынхаа бүрэн бүтэн байдлын төлөө амиа өргөсөн Эх орончдыг эгнэгт мартах учиргүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-03-01 11:50:41
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол ардын нам /МАН/ байгуулагдсаны 97 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Жил бүр энэ өдрийг "Эх орончдын баяр"-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн бөгөөд өнөөдөр Баярын хурал, шинэ гишүүд элсүүлэх үйл ажиллагаа, Их эзэн Чингис хаан, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болж байна. 
Ази тивийн анхдагч улс төрийн хүчин гэгддэг МАН 1920 оны 6 дугаар сарын 25-ны өдөр анх байгуулагдаж, 1921 оны 3 дугаар сарын 1-3 өдөр Анхдугаар их хурлаа хийн албан ёсоор эмхлэгдэн, Намын Төв хороог байгуулан цаашдын зорилт бодлогоо тодорхойлж байсан түүхтэй юм. Тиймээс 3 дугаар сарын 1-нийг МАН байгуулагдсан өдөр хэмээн тооцож, жил бүр тэмдэглэж ирсэн. 

Уг ойд зориулсан Баярын хурал өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд болж, МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх илтгэл тавьсан юм. Тэрбээр илтгэлдээ "МАН-ын түүх бол Эрх чөлөө, Тусгаар тогтнол, Их бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн түүх юм. Туурга тусгаар улсаа сэргээн босгож, Тусгаар тогтнолоо дэлхийд тунхаглаж, хоцрогдсон буурай орноос хөгжил дэвшил рүү удирдан залж, эх орныхоо бүрэн бүтэн байдлын төлөө залуу нас, халуун амиа өргөсөн үе үеийн Эх орончдынхоо гавьяа зүтгэлийг бид эгнэгт мартах учиргүй. Энэ утгаараа Та бид өнөөдөр Ардын намынхаа 97 жилийн түүхийн ой санамжийг сэргээн, үр хойчдоо үзэл санааны үнэт өв болгон үлдээхээр Эх орончдын өдрөө ёслол төгөлдөр тэмдэглэж байна.
МАН 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалыг манлайлан удирдаж, эдийн засаг, аж ахуйн хувьд хоцрогдсон, хүн амын хувьд өсөлт буурсан, соёлын түвшингөөр мөхлийн ирмэгт ирсэн улс орноо сэргээн хөгжүүлэх хариуцлагатай үүргийг өөртөө оноосон билээ. Монгол оронд Үндэсний Ардчилсан хувьсгалыг МАН анх хийсэн гэж би үздэг хүн. Түүхч, судлаачид маань ч санал нэгдэх байхаа. Үндэсний ардчилсан хувьсгалын үр дүнд Монголын нүүдэлчин, малчин ард түмэн тусгаар улсаа байгуулж, 1924 онд Анхдугаар Үндсэн хуулиа батлан Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болж Тусгаар тогтнолоо Дэлхийд хүлээн зөвшөөрүүлж чадсан юм. Өнөөдөр Манай улс дэлхийн 190 улстай албан ёсны дипломат харилцаатай, олон улсын хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн улс болсон байна. Монголын хүн ам 1918 онд 542 мянга байсан бол өдгөө 6 дахин нэмэгдэж 3 сая 200 мянга болж өслөө. Ардын хувьсгалаас өмнө монгол хүний дундаж наслалт 35 байсан бол өнөөдөр 2 дахин нэмэгджээ.



МАН 1990 оны эхээр Монголд өрнөсөн улс төр, эдийн засаг, нийгмийн шинэчлэлийг эхнээс нь дэмжин хүлээн авч, шилжилтийн хүнд үеийг үймээн самуун, нийгмийн тогтворгүй байдал бий болголгүй, ухаалаг хүлээцтэй хандаж улс орноо тайван замаар удирдан, өөрчлөлт шинэчлэлийн замд оруулж чадсан нь Манай Намын бас нэгэн түүхэн гавьяа юм. Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг 1992 онд боловсруулан баталж, улмаар нийгмийн шинэчлэлийг түргэтгэж, ардчилал зах зээлийн харилцаанд шилжихэд МАН бодит үүрэг гүйцэтгэсэн.
Одоогоос 97 жилийн тэртээ Төв азийн цээжинд Анхны улс төрийн хүчин, нам байгуулагдсан энэ өдөр бол зөвхөн МАН төдийгүй, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх улс төрийн хүчин, Эх орон, Тусгаар тогтнол, ард түмнээ гэсэн сэтгэлтэй Эх орончдын баярын өдөр юм" хэмээв. 

Тэрбээр мөн, Монгол Улс хуурай газрын хэмжээ, байгалийн баялгаараа дэлхийд эхний 20-д багтдаг, нэг хүнд ногдох газар нутаг, мал сүргийн тоогоор дэлхийд тэргүүлдэг, эдийн засгаа өсгөх Уул уурхай, хөдөө аж ахуйн салбарууд тодорхой төвшинд хөгжсөн ч өнөөдөр ядруу амьдарч байгаагийн учир нь сүүлийн 20 гаруй жилд улсаа удирдсан улстөрчдийн хариуцлагагүй байсных гэдгийг илтгэлдээ онцолж байв. Улс төрийн намууд, улстөрчид бидний харалган бодлого, эв нэгдэлгүй байдал, эх орноо гэсэн сэтгэл дутсаных гээд, хагаралдан бутарч, эв нэгдэлгүй байхдаа уруудан доройтож ирсэн түүхийг санаж, эх орныхоо ирээдүйн төлөө эв нэгдлийг эрхэмлэн, нэгдмэл цул байж аюулгүй байдал, хөгжлийн төлөө хамтран ажиллах ёстойг бүх улс төрийн хүчнүүдэд уриалж буйгаа мэдэгдсэн юм. 



Дараа нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Баярын хуралд зориулан үг хэллээ. Тэрбээр "Товчхондоо, МАН-ын түүх бол Эх орончдын түүх гэж хэлж болно. Энэ түүх өдөр бүр сайн сайхан үйл явдал, сайн сайхан хүмүүсийн намтраар баяжиж байна. Иргэний үүргээ бүрэн ухамсарлан биелүүлдэг, хууль ёсоо сахидаг, хувьд ноогдсон ажлаа сайн хийдэг, нийгмийнхээ сайн сайхны төлөө зүтгэдэг хэн бүхэн өнөө цагийн эх орончид юм. Эх орончид амиа зольж бий болгон, энгүй ухаантнууд оюунаа чилээн бүтээсэн улс орноо улам илүү хөгжүүлэх эрхэм үүрэг бидэнд бий. Энэ үүргээ биелүүлэхээр МАН, намын гишүүд та бид хичээн зүтгэж ирсэн, цаашид ч илүү хариуцлагатай, ёс зүйтэй, эв нэгдэлтэйгээр улс орныхоо хөгжлийн төлөө зүтгэцгээе" хэмээв. 

Баярын хурал Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойн хүрээнд “Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан “Монголын түүх”-ийн II олимпиадын медальтнуудад шагнал гардуулах ёслолоор үргэлжилсэн юм. 
Н.Гантуяа
Холбоотой мэдээ