Сирийн ард иргэдийн шийдвэрийг сонсох нь зүйтэй гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-11-24 12:44:52

ТЕГЕРАН. /TASS/. Сирийн тухай ямар нэг шийдвэр гаргахдаа тус улсын ард иргэд, эрх баригчдын зөвшөөрлийг авах шаардлагатай гэж Ираны Дээд удирдагч аяатолла Али Хаменеи ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд мэдэгдэв.

Сирийн тухай ямар нэг шийдвэр гаргахдаа тус улсын ард иргэд, эрх баригчдын зөвшөөрлийг авах шаардлагатай бөгөөд Сирийн ард иргэдийн дуу хоолойг хорих эрх АНУ-д байхгүй гэж тэрбээр мэдэгдсэн байна.

“Башар аль-Асад хууль ёсны дагуу Сирийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд улс төрийн үзэл, шашин шүтлэг, үндэс угсааг үл харгалзсан бүх нийтийн сонгуулийг Сирийн иргэдийн дунд явуулж тус улсын дараагийн Ерөнхийлөгчийг сонгох ёстойг” тэрбээр онцолсон байна.

Мөн тэрбээр, Сири дэх террорист бүлэглэлүүдэд санхүүгийн тусламж, дэмжлэг үзүүлж буй АНУ-ын үйлдлийг “шударга бус дипломат ажиллагаа” гэж мэдэгджээ.

Цөмийн асуудлаас бусад, тэр дундаа, Сирийн асуудлаар бид АНУ-тай хэлэлцээ хийхгүй гэж Хаменеи онцлоод, Сирийн хямралыг зохицуулах нь тус бүс нутгийн байдалд маш чухал үүрэгтэй гэж мэдэгдэв. Хэрвээ Сирид эмх замбараагүй байдал үүсгээд байгаа террористуудыг устгахгүй бол тэдний аймшигт үйл ажиллагаа Төв Ази болон бусад бүс нутагт тархах болно гэж тэрбээр мөн хэлэв.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ