ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан санал хураалт эхэлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-02-26 13:23:29
МОСКВА. /ТАСС/. Хойд туйл дээрх эрдэм шинжилгээний станцууд, хөлөг онгоцууд болон алслагдсан, хүрч очиход хүндрэлтэй нутгуудад ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан санал хураалт эхэлж байгаа тухай "ТАСС" агентлаг мэдээлэв. 

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу хүрч очиход хүндрэлтэй, алслагдсан нутгууд болон хойд туйл дээрх эрдэм шинжилгээний станцууд болон санал хураалтын өдөр аялалд гарчихсан байх хөлөг онгоцнууд дээр байгуулсан сонгуулийн нэг болон хэд хэдэн хэсэгт урьдчилсан санал хураалтыг сонгуулийн санал хураалт болох өдрөөс 20-с илүүгүй хоногийн өмнө явуулах аж. Түүнчлэн анчид, загасчид, мод бэлтгэгчид, уурхайчид болон дохионы гэрэлт цамхгийн ажилтнууд урьдчилсан санал өгдөг аж.
 
ОХУ-ын субъектуудын сонгуулийн комиссын урьдчилан мэдээлснээр, урьдчилсан санал хураалт ОХУ-ын 35 субъектын нутаг дэвсгэрт болох бөгөөд цаачид, ан агнуурчид, алт олборлогчид, дохионы гэрэлт цамхгийн ажилтнууд, орон нутгийн оршин суугчид болон цэргийн алба хаагчид зэрэг 120 мянган хүн урьдчилан саналаа өгөх төлөвтэй байгаа аж.
 
ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ирэх сарын 18-нд болох юм.
 
Э.Аянзаяа  

Холбоотой мэдээ