Н.Лүндэндорж: 100 шүүгчийн цалин хангамжийг манай эдийн засаг дийлэхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-24 12:17:21

ШЕЗ-ийн удирдлагууд Өмнөговь, Дундговь, Төв аймагт ажиллаад иржээ. Энэ үеэр Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн авснаар Давж заалдах шатны шүүх дахин байгуулах асуудал үүслээ. Энэ талаар ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржоос тодруулга авлаа. 

- УИХ-ын дээрх шийдвэрийг  шүүхийг удирдаж буй хүний хувьд яаж хүлээ авч байна вэ?

- Үндсэн хуулийн цэц Шүүх байгуулах тухай хуулийн Давж заалдах шатны шүүх болон Улаанбаатар хотын дүүргийн шүүхүүдтэй холбоотой заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэх асуудлаар түдгэлзүүлсэн шийдвэр гаргасан. Үүнийг УИХ хүлээн авсан байна. Нэгэнт шийдвэр гарсан учраас юу ч хэлээд нэмэргүй.

- Давж заалдах шатны шүүхийг дахин байгуулах хөрөнгө, мөнгө байгаа юу?

- Аймаг бүрт Давж заалдах шатны шүүх байгуулахад хэд хэдэн асуудал үүснэ. Шүүх бүрэлдэхүүний орон тоог 100 гаруй хүнээр нэмэх шаардлага гарна. 100 шүүгчийн цалин хангамжийг манай эдийн засаг дийлэхгүй. Цаана нь ийм тооны шүүгчийн туслах, нарийн бичиг, хуралдааны танхим шаардагдана шүү дээ.

- Цэц ирэх дөрөвдүгээр сарын нэгэн гэхэд Үндсэн хуульд нийцүүл гэсэн байна. Энэ богино хугацаанд амжих уу?

- Нийцүүлье гэвэл нийцүүлнэ. Гэхдээ дагнасан шүүхээсээ ухрах болно. Ухраах уу, хөгжүүлэх үү гэсэн сонголтын асуудал байна.

Ж.Батсайхан 

 

Холбоотой мэдээ