Японы эзэн хаан ирэх оны дөрөвдүгээр сард хаан ширээнээсээ бууна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-02-20 18:29:28
ТОКИО. /Эн-Эйч-Кэй/. Японы эзэн хаан Акихитогийн хаан ширээнээс буух ёслол ирэх оны дөрөвдүгээр сарын 30-нд болно гэж тус улсын Засгийн газар өнөөдөр мэдэгдсэнийг "Эн-Эйч-Кэй” телевиз уламжлав.

Эх сурвалжийн мэдээлснээр, Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Сүга тэргүүтэй албаны хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг ирэх оны дөрөвдүгээр сарын 30-нд болох эзэн хааны хаан ширээнээс буух ёслол болон тавдугаар сарын 1-нд болох хаан ширээг угсаа залгамжлах хунтайж Нарүхито-д шилжүүлэн өгөх ёслолыг зохион байгуулах ажлыг хариуцаж байгаа аж.

Нас дээр гарч, эрүүл мэнд доройтсон учир төрийн үйл хэрэгт оролцож чадахгүй боллоо гэх шалтгаанаар хаан ширээнээс буух хүсэлтэй байгаагаа өдгөө 83 настай эзэн хаан Акихито 2016 оны наймдугаар сард мэдэгдсэн билээ. Тэрбээр зүрхний мэс засалд орж, түрүү булчирхайн хорт хавдрын эмчилгээ хийлгэж байгаа аж. Японы сүүлийн 200 гаруй жилийн түүхэнд эзэн хаан өөрийн хүсэлтээр хаан ширээнээсээ буусан анхны тохиолдол нь энэ болох юм.
Г.Доржханд

Холбоотой мэдээ