"Сар шинэ- Аюулгүй байдал" хяналт шалгалтаар осол буурсан дүн гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-02-12 17:43:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Замын цагдаагийн алба, Авто тээврийн үндэсний төвтэй хамтран орон нутгийн авто замд иргэдийн хөдөлгөөн ихсэх үеийн нэгдүгээр сарын 15-аас хоёрдугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд “Сар шинэ-Аюулгүй тээвэр” нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа.

Энэ хугацаанд орон нутгийн замын осол хэрэг 25.7 хувиар, хэргийн улмаас амь насаа алдсан хүний тоо 35.5 хувь, хүн гэмтэх тохиолдол 41 хувь буурсан эерэг үзүүлэлт гарчээ. Өнгөрөгч 2017 оны нэгдүгээр сард орон нутгийн авто замд 74 зам тээврийн хэрэг гарч,   амь насаа алдсан, гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо нэмэгдэж байсан мэдээг үндэслэн урьдчилан сэргийлэх зорилгоор “Сар шинэ-Аюулгүй тээвэр” нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлсэн юм. Нийслэлийн алслагдсан гурван дүүрэг болон 21 аймаг дахь цагдаагийн газар, хэлтсийн алба хаагчид, авто тээврийн хяналтын улсын байцаагч нар үүргээ амжилттай гүйцэтгэж орон нутгийн зам болон  төв суурингаас гадна замуудад эргүүл, шалгалтыг тогтмол хийсэн байна. Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд иргэдийг орон  нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж, замын хөдөлгөөнд соёлтой оролцон, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, цаг агаарын таагүй үед хөдөө орон нутаг руу явахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ