Ракхайн мужид мөрдөн шалгах ажиллагаа явуулах санал тавьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-02-12 11:09:27
ЛОНДОН. /ТАСС/. Их Британийн Гадаад хэргийн сайд Борис Жонсон өнгөрсөн ням гарагт Мьянмарын улс төрийн удирдагч болох Төрийн зөвлөх бөгөөд гадаад хэргийн сайд Аун Сан Су Читай уулзах үеэрээ үндэстний цөөнх болох лалын шашинт рохинжа нарын цаашдын хувь тавиланд сэтгэл түгшиж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Ракхайн мужид мөрдөн шалгах ажиллагаа явуулах санал тавьж, дүрвэгсдийг нутаг буцаахын тулд олон улсын хамтын нийгэмлэгтэй  хамтран ажиллахыг Мьянмарын эрх баригчдад уриалсан байна.
 
ТАСС агентлагийн мэдээлснээр, Б.Жонсоныг Бангладешийн өмнөд нутгийн Кокс-Базар хот дахь дүрвэгсдийн хуаранд айлчилсны дараа энэ уулзалт болсон байна.
 
Тэрбээр хэлэхдээ “Би Бангладешт байгаа рохинжа дүрвэгсдийн аймшигт нөхцөл байдлын гэрч нь болж, тэдний ирээдүйд ихээхэн сэтгэл түгшиж байна. Мөн Ракхайн мужид бүрэн хэмжээний мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хүний эрхийг зөрчиж буй буруутан этгээдүүд хариуцлага хүлээх шаардлагатай. Түүнчлэн Аун Сан Су Читай уулзах үеэрээ би рохинжа дүрвэгсдийг нутагт нь буцаахын тулд тэдний амьдран суудаг мужийг ямар ч айдас түгшүүргүй, аюулгүй амьдрах нөхцөлөөр хангах шаардлагатайг онцлон тэмдэглэсэн” хэмээн мэдэгджээ.
Э.Аянзаяа
Холбоотой мэдээ