Я.Ариунболд:Газар хөдлөлтийн бүсэд буй оюутнуудтай байнга харьцаатай байгаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-02-09 17:02:47
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайваний Хуалиен хотын хойд хэсэгт энэ сарын 6-нд 6.4 баллын хүчтэй  газар хөдлөлт болсон.

Үүнтэй холбогдуулан ГХЯ-наас яамнаас өөрийн орны иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа талаар Консулын газрын захирал Я.Ариунболд өнөөдөр мэдээллээ. Тэрбээр, "Газар хөдлөлтийн бүсэд байсан монгол оюутнуудтай энэ сарын 7-8-ны өдөр холбоо тогтоож, эхний удаад Цу Чи их сургуулийн 4 оюутныг Тайпэй хотод шилжүүлэн авчирсан. Дараа нь Дунхваих сургуулийн 10 оюутныг Тайпэйд нүүлгэн шилжүүлсэн. Цу Чи их сургуулийн 2 оюутан сургуулийн захиргаандаа хүсэлт гаргаж, 7-ны өдөр Тайпэйд ирсэн байсан. Дунхва их сургуулийн гурван оюутан өөрийн хүсэлтээр тэндээ үлдсэн. Үлдсэн оюутнуудтай байнгын холбоотой байгаа. Хэрэв ямар нэг гамшгийн эрсдэл үүсвэл бэлэн байдалд ажиллаж байна. Ер нь газар хөдлөлтийн бүс рүү цаг хугацааны болоод нөхцөл байдлын хувьд тухайлсан төлөөлөгч явуулах боломжгүй байсан тул тэндхийн төрийн болон төрийн бус байгууллагуудын дэмжлэгийг авч ажиллалаа. Мөн тэдгээр иргэдэд туслах хүрээнд Хилийн чанад дахь иргэдэд туслах сангаас тодорхой зардал гаргаж ажилласан. Оюутнуудтайгаа өнөөдөр 14 цагт видео хурал хийлээ. Бүгд эрүүл саруул байна. Хувь хүний нууцтай холбоотой учир иргэдийн тухай нарийвчилсан мэдээлэл өгөх боломжгүй" хэмээн ярьлаа. 
 
Түүнчлэн Тайпэй дахь Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газарт ажлын хэсэг байгуулан 24 цагаар ажиллуулж, шуурхай дуудлагын +886-2-27229740 дугаараар дуудлага авч байгаа гэдгээ олон нийтэд зарласан аж.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ