Ч.Хүрэлбаатар: Засгийн газар "Панда" бонд гаргах тухай мэдээлэл үндэслэлгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-02-07 14:08:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Bloomberg ТВ Монголиа" телевиз болон цахим хуудсаар Монгол Улсын Засгийн газар юанийн "Панда" бонд гаргахаар төлөвлөж буй талаар мэдээлэл цацагдсаныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар үгүйсгэлээ. 

"Bloomberg ТВ Монголиа" телевиз болон цахим хуудсаар өчигдрөөс эхлэн "Засгийн газар олон улсын санхүүгийн зах зээлд юанийн "Панда" бонд гаргахаар төлөвлөж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Бондоор хэдий хэр хэмжээний хөрөнгө босгох нь тодорхойгүй байгаа бөгөөд хугацаа нь таван жил байхаар яригджээ" гэх агуулга бүхий мэдээлэл гарсан юм. Харин уг мэдээллийг үгүйсгэж, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн нийгмийн сүлжээн дэх цахим хуудсаараа дамжуулан хийсэн мэдэгдэлдээ "Bloomberg-ийн тарааж байгаа Засгийн газар "Панда" бонд гаргах гэж байгаа гэх мэдээлэл огт үндэслэлгүй болохыг мэдэгдэж байна. Bloomberg TV болон Bloombergtv.mn сайтыг худлаа мэдээллээ залруулахыг албан ёсоор шаардаж байна. Bloomberg-тэй утсаар холбогдоод ташаа мэдээлэл гарсан байна, залруулна уу гэхээр "Үгүй" гээд байх юм. Хөрөнгө оруулагчид, сэтгүүлчид, сүүлдээ Элчин сайдын яамдуудаас хүртэл залгаад манай яамныхныг зүгээр байлгахгүй асуугаад байх юм" хэмээн бичжээ.

Монгол Улсын Засгийн газар олон улсын зах зээлд хамгийн сүүлд "Гэрэгэ" бонд гаргасан билээ. 2017 оны 10 дугаар сарын 26-нд гаргасан уг бондоор 800 сая ам.долларыг жилийн 5.625 хувийн хүүтэй, 5.5 жилийн хугацаатай босгосон бөгөөд үүнээс хойш бонд гаргаагүй байгаа юм. 
Н.Туяа
Холбоотой мэдээ