Чацарганаар хийсэн бүтээгдэхүүнийг ОХУ-ын зах зээлд борлуулах талаар санал солилцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-02-06 17:36:01
 Увс /МОНЦАМЭ/. ОХУ-ын Тува Улсын Засгийн газрын Тэргүүний орлогч А.В.Брокерт тэргүүтэй төлөөлөгчид Увс аймагт ажиллаад өнөөдөр буцлаа. Тэд “Увс Хүнс” ХК-ийн чацаргана боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судалсны зэрэгцээ чацарганаар хийсэн бүтээгдэхүүнийг ОХУ-ын зах зээлд борлуулалт хийх боломжийн талаар санал бодлоо солилцсон байна. Мөн Боршоо-Хандгайтын боомтыг олон улсын статусаар ажиллуулах дэд бүтцийн ажлын явц, Кызыл-Чадан-Хандгайт чиглэлийн М-54 автозамын бүтээн байгуулалт, Кызылийн нисэх онгоцны буудал зэрэг цаг үеийн асуудлаар аймгийн удирдлагуудтай ярилцаж, “Увсын өдрүүд” арга хэмжээг Кызыл хотод зохион байгуулах бэлтгэл ажлын талаар санал бодлоо солилцжээ.
2018 оны аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасны дагуу “Увсын өдрүүд” арга хэмжээг ОХУ-ын Тува улсад 2018 оны тавдугаар сард зохион байгуулж, Увс аймгийг сурталчилсан соёл урлаг, спортын арга хэмжээ, мөн аялал жуулчлалын нөөц боломжийг танилцуулах хамтарсан форум, “Увсад үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа зэрэг хэлбэрээр зохион явуулах юм. Энэ хүрээнд Тува улсын Засгийн газар болон Кызыл хотын удирдлагууд дэмжлэг үзүүлэн хоёр талаас ажлын хэсэг байгуулж хамтран зохион байгуулахаар боллоо.
Тэрчлэн Тувагийн төлөөлөгчид Увс аймагт ажиллах үеэр Увс аймаг ба Тува улсын бизнес эрхлэгчдийн хамтарсан уулзалтыг зохион байгуулж бизнес эрхлэгчдэд тулгарч буй бэрхшээлтэй асуудлуудын талаар санал солилцсон юм. Тухайлбал, Увс аймгийн иргэдийг ОХУ-д зорчих үед замын цагдаа, Цагаачлалын алба, хилийн албанаас жижиг сажиг шалтгааны улмаас торгож, улмаар ОХУ-д зорчих эрхийг хязгаарлах явдал их гарах болсон талаар танилцуулж шийдвэрлэх арга замыг холбогдох байгууллагуудад уламжлан шийдвэрлэх, мөн экспорт, импортын бараа бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлт хийхэд тулгарч буй бэрхшээлийг судалж холбогдох дүрэм журам, иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Тува улсын Засгийн газрын болон ХАҮТ-ын төлөөлөгчид “Цагаан сар-2018” үзэсгэлэн худалдааны нээлтэнд оролцсон бөгөөд, Тува улсаас Кызылийн талх нарийн боовны үйлдвэр, “Заря” агрохолдинг, хөдөө аж ахуйн хоршоо, хувь хүмүүс өөрсдийн үйлдвэрлэсэн зөгийн бал, талх нарийн боов, өндөг, тахиан мах, мах, махан бүтээгдэхүүн, өглөөний унд зэрэг бараа бүтээгдэхүүнтэйгээр “Цагаан сар-2018” үзэсгэлэн худалдаанд оролцлоо.
Б.Батхүү
Холбоотой мэдээ