Төөрсөн илий ижилдээ очжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-11-22 21:29:18

Энэ зун буюу долдугаар сарын сүүлчээр Баянхонгор аймгийн Жаргалант сумын Өлзийт өндөр багийн малчин Р.Цолмонгийнх төөрсөн илийг /Бугын төл/ дасгаж, өсгөж байгаа талаар мэдээлж байсан. Тус малчных зургадугаар сард илийг олж, тэжээж эхэлсэн бөгөөд энэ сарын эхээр илийг ижил сүрэгт нь тавьжээ.

Малчин Р.Цолмонгийн гэргий О.Байгалмаагийн хаа явсан газарт байнга дагадаг бяцхан илийг О.Байгальмаа саалиндаа гарахдаа ногтолж уяад, гэртээ  үлдээж ажлаа амжуулдаг байжээ. Сайхан сэтгэлт малчин айлын нэг гишүүн болж зусан, намаржсан тус амьтан өдөрт дөрвөн удаа сүү уух бөгөөд нэг удаа хооллохдоо нэг литр сүү уудаг гэсэн.

Нутгийн малчид хэлэхдээ, амьтны нялх төлийг удаан хугацаанд гаршуулан дасгах нь эргээд ижил сүрэгтээ нийлсэн хойноо идээших нь муудаж, нялхраад байх талтайг хэлдэг байжээ. Ийнхүү овоохон торнисон илийг малчин айлынхан ижил сүрэгт нь тавьсан байна. Басхүү эсэн мэнд өсөн бойжиход нь зориулж ном хуруулжээ.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ