Үндсэн хуулийн цэц улс төрөөс бүрэн хамааралтай болсон гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-02-05 14:01:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хуульч О.Алтангэрэл, Д.Миеэгомбо, Б.Жавхлант, Р.Мөнхзул нар өнөөдөр "Монгол нюьс" мэдээллийн төвд мэдээлэл хийх үеэрээ “Үндсэн хуулийн цэц улс төрөөс бүрэн хамааралтай болсон байна” хэмээн мэдэгдэв.
 
Тэдгээр хуульчид У.Хүрэлсүхийн Засгийн газар Үндсэн хууль зөрчиж байгуулагдсан, УИХ-ын гишүүн Б.Наранхүүг эгүүлэн татахаар, Хууль зүй, дотоодын хэргийн сайд Ц.Нямдорж Үндсэн хууль зөрчсөнийг тогтоолгохоор, цэцийн зарим гишүүд бүрэн эрхийн хугацаа дууссан боловч албан тушаалдаа хэвээр суусаар байгаа асуудлаар тус тусдаа цэцэд ханджээ. Эдгээр дөрвөн гомдлын эхнээс нь цэц асуудлыг шийдвэрлэж эхэлсэн байна. Тухайлбал, Б.Наранхүү гишүүнтэй холбоотой гомдлыг цэц өнгөрөгч баасан гарагт хэлэлцээд маргаан үүсгэх боломжгүй гэсэн шийдвэрийг гаргажээ.

Энэ тухайд хуульч Д.Миеэгомбо, “Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан уг маргааныг хянан хэлэлцсэн. Энэхүү хуралдаан болохоос өмнө Н.Жанцанг сольж өгнө үү гэсэн хүсэлтээ цэцийн даргад гаргасан боловч түүнийг солиогүй. Учир нь цэцийн гишүүн Н.Жанцаны бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн оны таван сард дууссан. Мөн УИХ-ын гишүүн Б.Наранхүүтэй  худалдааны харилцаанд орсон байж болзошгүй гэж үзсэн. Гэвч энэ хүнийг солиогүйгээр барахгүй Н.Жанцан гишүүн биднийг утсаар дарамталсан. Иймд бид дараагийн шатанд асуудлыг тавих болно. Түүнчлэн иргэн хүн цэцэд гомдол гаргахад хэн гэдэг гишүүн дээр хуваарилагдсан болохыг хэлдэг байсан. Одоо дотоод журамдаа өөрчлөлт оруулсан гэх шалтгаанаар иргэний гомдол аль гишүүн дээр очсныг хэлэхээ больсон. Цэц өнөөдөр улстөрөөс бүрэн хамааралтайн дээр гишүүд нь улстөрийн төгсгөлийн карьераа хийдэг газар болсон байна” гэв.
Д.Сарантуяа
Гэрэл зургийг Н.Батбаяр
Холбоотой мэдээ