“Номадик Оф-роуд” ХХК Хаскварна брэндийн мотоцикль борлуулах эрх авчээ

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2018-02-04 09:42:41
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монголын бартаат замд спорт мотоциклоор аялал зохион байгуулдаг  “Номадик Оф-роуд” ХХК Хaскварна /Husqvarna/ мотоциклийн брэндийн Монгол дахь анхны албан ёсны борлуулах эрхийг авчээ.

Ингэснээр тус  компани жуулчдыг татах бартаат замын  аялал зохион байгуулах боломж бүрдэж буй аж. Мотоциклоор давхих хоббитой хүмүүст хамгийн тохиромжтой, задгай талаар эрх чөлөөг мэдрэх  цөөхөн газруудын нэг Монгол Улс  учир энэ нь жуулчдыг татах том боломж гэдгийг тус компанийнхан онцолж байна.
 
“Номадик Оф-роуд” ХХК Монголын шилдэг экстрим аяллын тур оператор болох зорилго тавин ажиллаж буй бөгөөд Монголд шинээр нээгдэх үзүүлэнгийн танхимд аа Хаскварна брэндийн анхны загварууд болох Свартпилэн 401 /Svartpilen 401/, Витпилэн 701 /Vitpilen 701/ гэх өвөрмөц дизайнтай мотоциклуудыг танилцуулах юм байна. Үзүүлэнгийн танхимыг ирэх тавдугаар сард нээхээр төлөвлөж буй аж.

Австрийн Маттигховен хотноо төвтэй  Хаскварна брэнд нь дэлхийд тэргүүлэх зэрэглэлийн мотоциклыг анх 1903 оноос үйлдвэрлэж эхэлжээ. Эдүгээ тус  компани нь бартаат замын мотоцикл үйлдвэрлэдгээрээ алдартай бөгөөд өнгөрсөн оноос эхлэн гудамжны мотоцикл /street bike/-ийн зах зээл рүү хүч түрэн орсон байна.
Холбоотой мэдээ