Сумын ЭМТ тоног төхөөрөмж сайтай ч ажиллуулах эмч дутмаг байгааг аймгийн удирдлагад дуулгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-02-02 17:53:38

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Энэ сарын нэгний өдөр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил өвөлжилтийн байдал хүндрэлтэй байгаа Баруунбүрэн, Орхонтуул сумдад ажиллалаа.
Тэрээр энэ үеэрээ малчид, иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсон тухай бүрт нь хариулт өгч, аймаг орон нутгаас барьж байгаа бодлого, гаргасан шийдвэр, цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудаа танилцуулсан юм.
Өнөөдөр тус сумын иргэдийн өмнө эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тааруу, эмч боловсон хүчин тогтдоггүй, эрүүл мэндийн төв сайн техник тоног төхөөрөмжтэй ч ажиллуулах мэргэжлийн эмч дутмаг, эргэлтийн эмийн сангийн эм ханган нийлүүлэлт тааруу, шинэ залуу төрийн албан хаагчид ажиллаж амьдрахад орон байрны асуудал хүндрэлтэй, түлээ түлш хэрэгцээний модны асуудал, малын хулгай гээд тулгамдсан асуудлууд нэлээд байгааг иргэд аймгийн даргад нэг бүрчлэн танилцуулж байлаа. Аймгийн Засаг даргын зүгээс тус сумын Эрүүл мэндийн төвийг шинэ машин, зөөврийн эхо аппараттай болгох асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн. Мөн сумын төрийн албан хаагчдын судалгаан дээр үндэслэн эхний ээлжинд дөрвөн айлын орон сууц барих ажлыг эхлүүлье гэдгээ ч амалсан юм. Баруунбүрэн сум 280480 толгой малтай, 479 малчин өрх, 101 мал бүхий өрх нийт 580 өрхтэй аж. он гарсаар тус суманд 120 мал хорогдоод байгаа бөгөөд 50 гаруй хувь нь бог мал ажээ. Аймгийн дарга нөөцөөсөө Баруунбүрэн суманд 2000 боодол өвс, 2000 уурагт тэжээл олгосноо энэ үеэр гардуулсан.
Харин Орхонтуул сумын хувьд өвөлжилтийн байдал нэлээд хүнд, цас их хэмжээгээр орсон, зам даваа хунгарлан, өөрсдийн хүчээр цас түрж зам гаргасан байлаа. Аймгийн Засаг дарга Ш.Оргил зудтай байгаа Орхонтуул суманд ажиллахдаа нөөцөөсөө олгосон 4000 боодол өвс, 6 тн уурагт тэжээлийг хүлээлгэн өгсөн юм. Тус сум нь Сэлэнгэ аймгийн хамгийн олон малтай, малчин өрхтэй гэдгээрээ онцлогтой. Энэ үеэр 2018 онд Улсын болон аймгийн хөрөнгө оруулалтаар тус суманд хийгдэхээр батлагдсан ажлуудыг танилцуулан иргэдийн санал хүсэлтийг бичгээр авч хариулт өглөө. Ард иргэдийн зүгээс дулааны шугамын асуудал хүндрэлтэй, залуу малчдыг дэмжих, боловсролын сургалтын чанар тааруу, аймаг дотроо нүүж суухад хориг тавихгүй болгох, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг туслалцаа хэрэгтэй байгаа зэрэг асуудлуудыг голлон ярьж байв.
Аймгийн Засаг даргаас сумын дулааны шугамын асуудлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран шийдэж, сургуулийн сургалтын чанарын тухайд БСУГ-т үүрэг өгч баг ажиллуулахаар боллоо. Жижиг дунд тэр тусмаа өрхийн үйлдвэрлэлийг аймгийн зүгээс онцгойлон анхаарч олон талын арга хэмжээ авч ажиллахын зэрэгцээ орон нутгийнхаа хэрэгцээ шаардлагыг хангасан "нүдээ олсон" тийм л төсөл хөтөлбөрүүдийг аймгийн дарга дэмжинэ гэлээ. Мөн аймаг дотроо нүүж суухад хориг тавьдаг асуудалд зохицуулалт хийж өгнө гэлээ.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ